Индонез улс Ява тэнгист осолдсон “AirAsia” компанийн онгоцны ослоор амиа алдагсдын цоцгсыг хайх ажиллагааг албан ёсоор зогсоолоо. Энэ тухай тус улсын Аврах агентлагийн тэргүүн Бамбанг Соелицо мэдэгдсэн байна. Тэрээр хагуулын усан онгоцуудыг лхагва гарагт татаж дуусна гэжээ. Индонезийн Сурабаяагаас Сингапурыг зорьсон “AirAsia” авиа компанийн QZ 8501 дугаар нислэгтэй өнгөрсөн 12 дугаар сарын 28-нд холбоо тасарсан юм. Зорчигч тээврийн онгоцонд нийт 162 хүн явж байснаас хайгуулын багийнхан 106 цогцсыг олсон юм. Харин бүтэн гурван сар гаруйн хугацаанд хайсан ч олдохгүй үлдсэн 56 хүний цогцсыг хайхаа ийнхүү зогсоож байна.
Цогцос нь олдоогүй хүмүүсийн гэр бүл энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа ч удаан хугацаанд хайгаад олоогүй тул зөвшөөрөхөөс өөр аргагүй байгаа юм.
Осолдсон онгоцны үлдэгдлийг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Ява тэнгисээс олсон тул хайгуулыг тэнд хийхээр шийдсэн билээ. Олдсон цогцсуудын ихэнхи нь онгоцны үлдэгдлийн ойролцоо байсан бол цөөн хэд нь 1000-аад км-ийн зайтай байжээ.
Ослын шалтгааныг одоо хүртэл тогтоогоогүй байгаа ч шуурганы дээгүүр гарах гэж байгаад осолдсон хэмээн таамаглаж байна.
Д.Идэр




















































