Вануату улсыг өнгөрсөн долоо хоногт асар хүчтэй Пам хар шуурга дайрснаар ихээхэн хохирол амссан билээ. Тэгвэл тус улсын баруун хойд хэсэгт орших бөглүү арал дээр оршин суугчид далайн давстай ус уухад хүрсэн тухай “BBC” мэдээлжээ. Цэвэр усны нөөц нь дууссан Мосо арлын иргэд тусламж ирнэ гэж найдаж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан байна.
Вануатугийн тусламжийн агентлагууд бөглүү арлууд руу тусламж явуулсан хэдий ч хар шуурганы дараах их хэмжээний үер тогтсон тул агаарын тээврийн онгоцууд хүрэх газартаа газардах боломжгүй болж буцжээ. Тиймээс тусламжийг усан онгоцонд шилжүүлсэн ч иргэдэд очиж амжаагүй байгаа аж.
Арлын оршин суугчид цэвэр усны гачигдлаас гадна хоол хүнс, орон байраар ихээхэн дутагдаж байгаа тухай албаныхан мэдээлжээ. Тэд Вануатугийн 10 мянга гаруй иргэн бөглүү арал дээр хоргодох оронгүй хоног төөрүүлж байгаа гэсэн байна.
Мангас хэмээн нэрлэгдэж буй Пам хар шуурга цагт 300 км хурдтай салхилж тус улсад ихээхэн хохирол авчирсан юм. Одоогоор нийт хохирлын хэмжээг бүрэн тогтоож амжаагүй байгаа ч нийслэл хотын барилга байгууламжийн 90 гаруй хувь нь устсан тухай мэдээлж байгаа юм.
Д.Идэр




















































