Израилийн парламентын сонгууль тус улсын цагаар мягмар гарагт болж өндөрлөлөө. Одоогоор Сонгуулийн хорооноос албан ёсны дүнг зарлаагүй байгаа хэдий ч гол өрсөлдөгчид болох эрх баригч Ликуд нам болон сөрөг хүчний Зионист холбооны намын хэн нь ялах нь тодорхойгүй байна. Учир нь сонгуулийн санал өгсний дараах гарцан дахь санал асуулгаар гол өрсөлдөгчид тун бага зөрүүтэй санал авсан хэмээн “BBC” агентлаг мэдээлээ. Израилийн гурван телевизийн суваг гарцан дахь санал асуулгын дүнг олон нийтэд танилцуулжээ. Нэг болон 10 дугаар суваг телевизүүд Ликуд, Зионист холбоо намуудыг хоёулаа адил 27 суудалд ялалт байгуулсан хэмээн мэдээлсэн байна. Харин Хоёрдугаар суваг телевиз гарцан дахь санал асуулгаар Ликуд нам сөрөг хүчнээс нэгээр илүү буюу 28 суудал авсан хэмээн мэдээлжээ.
Харин Израилийн арабчууд удирддаг намуудын хамтрал болох Хамтарсан Арабын бүртгэл нам 13 суудал авсанд тооцогдож гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
120 суудалтай парламентанд олонх болохын тулд нэг нам 61 суудалд ялалт байгуулах хуультай юм. Гэвч сонгуулиа пропорционал системээр явуулдаг тус улсад нэг ч нам үнэмлэхүй олонх болж байгаагүй аж. Тиймээс аль ч нам гарсан бай эвслийн засгийн газар байгуулах нь ойлгомжтой байгаа юм.
Гарцан дахь санал асуулгын дүнгээр нэг суудал илүү авсан Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ликуд намаа ялалт байгуулсан хэмээн үзэж буйгаа зарлаад дэмжигчдийнхээ хамт Тель-Авив хотод баяраа тэмдэглэсэн байна. Тэрээр энэхүү сонгуулийг “агуу ялалт” хэмээн тодорхойлжээ.
Харин Зионист холбооны намын тэргүүн Ицхаг Херцог сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байгааг сануулаад дараагийн засгийн газрыг байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлжээ. Тэрээр “Олон нийт өөрчлөлтийг хүсч байгаа. Би олон нийтийг төлөөлж чадаах засгийн газар байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
Сонгуулийн хорооны албан ёсны дүн Израилийн цагаар лхагва гаргийн өглөө буюу 19-ний үүрээр гарах юм.
Д.Идэр

Ликуд намын дэмжигчид намаа ялсан хэмээн тооцож баяраа тэмдэглэж байна.

Зионист холбоо намын дэмжигчид ч мөн өөрсдийгөө ялалт байгуулсан гэж найдаж байна.

Ликуд намын дэмжигчид намаа ялсан хэмээн тооцож баяраа тэмдэглэж байна.

Зионист холбоо намын дэмжигчид ч мөн өөрсдийгөө ялалт байгуулсан гэж найдаж байна.





















































Сэтгэгдэл (1)