Европын холбооны орнуудын гачигдмал байдлыг эсэргүүцсэн Германы жагсагчид өчигдөр цагдаа нартай мөргөлджээ. Олон зуун иргэд Франкфурт хотноо Европын Төв банкны шинэ төв байрыг нээх ёслолыг эсэргүүцэж уг байрны гадаа жагссан байна. Франкфурт хотын цагдаагийн газрын мэдээлснээр уур бухимдалдаа автсан жагсагчид цагдаагийн газрын хоёр машиныг шатаасан бөгөөд нэг албан хаагчийг чулуугаар шидэж бэртээжээ. Мөргөлдөөний үеэр 500 гаруй жагсагчийг баривчилсан аж.
“Al Jazeera” агентлагийн сурважлагчийн мэдээлснээр засгийн газар жагсагчдыг тараахын тулд 8000 гаруй цагдаагийн албан хаагчийг дайчилсан байна. Цагдаагийн албан хаагчид банкны төв байрыг тойруулан хамгаалалтын хаалт тавьсан бөгөөд нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараажээ.
Жагсагчид Европын Төв банкыг онилсон нь тус банк Грек гэх мэтийн санхүүгийн хямралд орсон орнуудын санхүүгийн зарцуулалтыг хянах, өрийг багасгахад бодлого гаргах зэрэгт гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд уг банкыг капиталист бизнесийг хэвий горимоор нь явуулахад саад болж байна хэмээн үзэж өөрсөддөө ашиг олохын тулд бүхэл бүтэн улс орноор тоглож байна хэмээн буруутгажээ.
Удахгүй 10 мянган хүн Франкфуртын гол талбай Роемербергт жагсана хэмээн мэдээлж байна.
Д.Идэр




















































