Грекийн парламент Европын хорооны сануулгыг үл тоон өчигдөр нийгмийн
цогц халамж бүхий хуулийг баталлаа. Ерөнхий сайд Алексис Ципрас
хомсдлын эсрэг хуулиа “Хүмүүнлэгийн хямралын эсрэг хууль” хэмээн
нэрлэжээ. Алексис Ципрасын нам өнгөрсөн нэгдүгээр сард сонгуульд ялснаас хойш анхны хуулиа батлаж олон нийтэд танилцуулж байгаа юм. Уг хуулиар Грекийн нэн ядуу иргэдэд төлбөргүй цахилгаан түгээхээс гадна хоолны талон олгох аж. Нийгмийн халамжийн энэхүү цогц бодлогод 200 сая евро буюу ойролцоогоор 2013 сая ам.доллар зарцуулах юм байна.
Олон улсын ажиглагчид энэхүү хуулийг Алексис Ципрас сонгуулийн үеэр ард түмэндээ амлаж байсан халамжийн бодлогын нэг хэсэг юм хэмээн үзэж байна.
Ерөнхий сайд хуулийн тухай олон нийтийн телевизээр мэдэгдэхдээ Европын холбоог шүүмжилжээ. Тэрээр тус холбооны гүйцэтгэх байгууллага Европын хороо Грекийг ямар ч хуулиа батлахаас өмнө олон улсын зээлдүүлэгчидтэй зөвшилцөх ёстой хэмээн зөвлөж захидал илгээснийг буруутгасан байна. Алексис Ципрас “Хэрвээ тэд үүнийг биднийг айлгах гэж хийж байгаа бол хариулт нь: бид айхгүй” хэмээн хэлжээ.
Дампуурлаа зарласан Грек улс өнгөрсөн сард Европын холбооны тусламжийн хугацааг сунгаж дахин их хэмжээний мөнгө зээлсэн бөгөөд Европын хороо Афиныг зээлийн зарцуулалтыг урьдчилан зэвшилцөхийг шаардаж байгаа юм.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)