УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар манай улсад Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Үндэсний ассамблейн дарга хатагтай Пани Ятодү айлчлан ирсэн. Лаосын айлчлалын бүрэлдэхүүнд БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн Хууль эрх зүйн байнгын хорооны дарга Давон Вангвичит, Эдийн засаг төлөвлөгөө, санхүүгийн байнгын хорооны дарга Боупоне Сисолах нар багтсан байна.
Төлөөлөгчид шинийн хоёрнд Монголд ирж, Төв аймгийн малчин гэр бүлд цагаан сараа тэмдэглэсэн байна. Харин өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй албаны уулзалт хийсэн юм. Уулзалтаар эдийн засгийн салбарт тэр дундаа хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Манай улс Лаос улсад тодорхой хугацаагаар газар түрээслэн 10 мянган га-д цагаан будаа, таван мянган га-д мод тарихаар тохиролцжээ. Харин Лаосууд Монголд мах боловсруулах үйлдвэр барихаар болсон байна. Хонины мах боловсруулах үйлдвэр барих сонирхолтой байгаагаа Лаосын төлөөлөгчид илэрхийлж, Монгол Лаос улс олон улсын түвшинд бие биеэ харилцан дэмжихээр тохиролцжээ. Дашрамд хэлэхэд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хатагтай Пани Ятодүгийн айлчлал энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм.
Д.Идэр