Өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөговь аймагт гэр бүлийн гурван хүн учир битүүлгээр амиа алдсан талаар мэдээлсэн билээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахлах дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.
-Өмнөговь аймагт амиа алдсан гэр бүлийн талаар тодруулахгүй юу?
-Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин суугч гэр бүлийн гурван хүн гэртээ золгүй байдлаар амь насаа алджээ гэх мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгасан. Гэтэл 39 настай эрэгтэй Э боомилсон байдалтай нас барсан байсан. Мөн хамтран амьдрагч 30 настай эмэгтэй Х болон түүний хүү арван настай Л нар хоолойгоо боолгуулсан байдалтай нас барсан байсан.
-Урьдчилсан байдлаар үхлийн шалтгааныг тодруулсан уу?
-Аймгийн цагдаагийн алба хаагчид урьдчилсан байдлаар боомилж амь насаа алдсан хэмээн шалгаж байгаа. Шалгалтын явцад 30 настай эмэгтэй Х нь гэрээслэл бичээд нас барсан байсан нь тогтоогдсон. Гэхдээ хэргийг үргэлжлүүлэн шалгана.
-Гэрээслэлдээ юу бичсэн байсан бол?
-Эдний амь насыг би хохироосон гэх утгатай юм бичсэн байсан.
Б.Чимэг