2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас эрсэдсэн.

2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас эрсэдсэн. Уг хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг буруутган, өнгөрсөн сарын 27-нд шүүхээр болсон.
Гэвч шүүгдэгч, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл “Тухайн үеийн төр засгийн удирдлагад байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд гэрчээр дуудах” хүсэлт тавьсан юм. Үүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс хүлээн авч, энэ сарын 2-нд нэр дурдагдсан хүмүүст шүүхийн зарлан дуудах хуудас хүргэж өгсөн юм. Тэд зарлан дуудах хуудсыг хүлээн авч, шүүх хуралд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Харин маргааш болох шүүх хурал тэд ямар буурь суурьтай байгааг сонирхуулъя.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: Маргааш болох шүүх хуралд Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг оролцуулахаас илүү шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна. Хэрвээ шүүх хуралд миний оролцоо хэрэгтэй гэвэл би татгалзахгүй. Гэхдээ шүүх хурлаар жүжиг тоглох гэж байгаа бол би очихгүй, харин үнэнийг олно гэвэл очно. Гэвч шүүх хуралд гэрчээр оролц гэсэн ямар нэгэн хүсэлт, мэдэгдэл надад ирээгүй байгаа. Шүүх хурал хаалттай явагдах нь ямар нэгэн хууль бус шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Сонгуулийг Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр л будлиулсан шүү дээ. Тухайн үед энэ хоёр намыг хэн хэн толгойлж байсан. Гэтэл яагаад зөвхөн С.Баяр руу дайраад байгаа юм. Ардчилсан намыг толгойлж байсан хүнийг дууд, жагсаал цуглаан зохион байгуулсан хүнийг дууд, хармаанаасаа хонгио гаргаад цагдаа хүн буудсаныг би мэдэж байна гээд байгаа хүнийг бас дууд. Үнэнийг тогтоох гээд байгаа бол бүгдийг дууд. Хурлаа нээлттэй явуул. Буудсан хүнийг нь ол. Тэгээд хариуцлага тооц.
УИХ-ын гишүүн С.Баяр: Шүүх хуралд очих үгүйг би биш хууль мэднэ. Шүүхээс зарлан дуудах хуудас ирсэн учир очилгүй яахав. “Долдугаар сарын 1”-ний хар, эмгэнэлт үйл явдал Монголын ард түмний нүдэн дээр ил болсон. Тиймээс хурлыг олон түмний өмнө нээлттэй, ил тод байлгах хэрэгтэй. Нууж хаах зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Биднийг шүүх хуралд гэрчээр дуудсан нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт юм билээ. Гэхдээ маргааш болох шүүх хуралд очиж байцаагдахад бэлэн, надад цааргалах, айх, болгоомжлох зүйл алга. Хуулиндаа захирагдах ёстой. Өнгөрсөн жил бас мэдүүлэг өгч байсан. Тэр мэдүүлгээ л давтах байх даа. Ямартай ч мэдүүлгээ үнэн зөв өгч, хуульд захирагдахаа мэдэж байна.
УИХ-ын Ц.Мөнх-Оргил: Шүүх хуралд орж, гэрчийн мэдүүлэг өгнө. Асуулт байвал хариулна. Өмнө нь ч гэсэн тухайн үед ажиллаж байсан ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Ганболд бид нар гэрчийн мэдүүлэг өгч байсан. Мөн Ө.Энхтүвшин даргын ахалсан УИХ-ын ажлын хэсгийнхэнд ч дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгч байсан. ХЗДХЯ-ны сайд байхдаа ч ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа ч мэдүүлгээ өгсөн. Тиймээс маргааш болох шүүх хурлаар хүн буудсан эзнийг тогтоогоосой гэж найдаж байна.
Б.Чимэг