
Нэг цагт 430 мянга, нэг минутад 7000 гаруй хүн үзэж, үзсэн хүний зүрх нь базалж, зарим нь нулимс дуслуулсан “Кони 2012” баримтат кино ирээдүйд дайныг зөгнөж байна гэж цөөнгүй ажиглагчид үзэж байна. АНУ-ын “Invisible children” /Гээгдсэн хүүхдүүд/ төрийн бус байгууллагын ажилтан Бен Кээси, Жэйсон Рассел нарын хийсэн энэ кино нь Өмнөд Африкийн хүүхдүүдийг эцэг эхээс нь хулгайлаад хүчээр дээрэм, хулгай хийлгэж Lord"s Resistance Army буюу дээрэмчдийн Эзний босогч армийн цэрэг болгодог гэмт этгээдийн тухай өгүүлнэ. Хорин таван жилийн турш Өмнөд Африкийн энгийн иргэд рүү дайран довтолж, хүчирхийлэн хядаж байгаа энэ бүлгийн толгойлогч Жозеф Кони гэгч өнөөдөр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэгдүгээрт бичигдэж байна. Тэрбээр 25 жилийн хугацаанд 30 мянган хүүхдийг /жилд мянган орчим/ хулгайлж хөвгүүдийг дээрэмчин, охидыг дээрэмчдийн эхнэр болгож байгааг Уганда, Конго гээд Өмнөд Африкийн орнуудын эрх баригчид зогсоож чадахгүй байгаа нь үнэн юм. Мөн Конигийн харгислалаас айсан 2,1 сая хүн гэр орноосоо дүрвэсэн тухай дээрх кино баримттайгаар үзүүлдэг.
“Invisible children” байгууллагын ажилчид анх 2004 онд Угандад очоод Жэкоб нэртэй хүүтэй уулзсан нь “Кони 2012” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тэр хүү сайн дурын ажилчидтай хэд хоног байж нэлээд дотно болсныхоо дараа “Та нарын бидэнд тусалж, хийж чадах хамгийн сайн зүйл бол биднийг алах. Яагаад гэвэл бидэнд ямар ч ирээдүй байхгүй, найдвар ч байхгүй. Ах бид хоёрыг тэд хулгайлсныхаа дараа их тамладаг байсан. Ах маань зугтах гэж оролдсон ч тэд миний нүдэн дээр амийг нь хөнөөсөн” гэж нулимс дуслуулан ярьжээ. Энэ бодит түүх тул олон хүнийг эмзэглүүлж Жозеф Конигийн нэрийг дэлхий нийтэд танил болгохоор нэгдэж, 2012 онд гэмт этгээдийг заавал барина гэсэн зорилго тавьжээ. Тэр нь “Кони 2012” хөдөлгөөн юм. Ингээд танилцуулгын хэсэг дуусч байна.
Энэ дөрвөн үсэг, дөрвөн тооны цаана 30 мянга байтугай олон хүүхдийн амьдралыг бусниулах ажиллагаа явагдаж буй хэмээх хардлага баримтат кино цацагдсан цагаас хойш тарсан юм. Учир нь дээрх хөдөлгөөнийг АНУ-ын урлагийн одод, рейтинг өндөртэй улс төрчид, сенатын гишүүд, ерөнхийлөгч Б.Обама дэмжиж байгаа. Дэлхийн том гүрний хувьд улс дамнасан хэрэгтнийг бариулахаар өнгөрсөн 10 сард өндөр бэлтгэлтэй 100 цэргийг тусгайлан Уганда руу явуулжээ. Lord"s Resistance Army-ынхан ойд бүгсээр байгаа тул одоогоор амжилт олоогүй байгаа. Тэд Жозеф Кониг Гитлер, Бин Ладентай зүйрлэж байна.
Харин олон улсын ажиглагчид энэ 100 цэрэг бол АНУ-ын Угандад хийх газрын тосны төлөөх дайны эхлэл гэж хардаж байна. Хардахын учир нь Угандад 2 сая баррель газрын тосны нөөц бий. Энхийг сахиулагчид нэрээр газрын баялаг ихтэй, ядуу буурай орнууд руу дайрдаг туршлага АНУ-д бий. Иракт Осама Бин Ладенаар далимдуулж дайн дэгдээсэн шиг, Ливид Каддафигаар түрий барьж дайн хийсэн шиг. Гээгдсэн хүүхдүүдийн тухай уриа лоозон АНУ-ын ээлжит “тархи угаалт” уу гэсэн асуултанд хариулах өнөөдөр эрт байна. Олон улсын ажиглагчид “хүмүүсийн сэтгэл хөдлөл, айдас, үзэн ядалт”-аар зэвсэглэж буй газрын тосонд шунасан АНУ-ын ээлжит жүжиг гэдгийг хараахан батлаагүй байна. Гэсэн ч “Кони 2012” хөдөлгөөн Монголд аль хэдийн үрээ цацжээ. Монголд “Коny 2012 Mongolia” фэйсбүүк хуудас нээгдэж, 2200 гаруй гишүүнтэй болсон байна. Монголчууд дэлхийн дайныг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа эсэхийг цаг хугацаа л харуулах нь.
Б.Баяр