2008 оны үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн залуугийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг дөрвөн жилийн турш шалгасны эцэст ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийгмийн хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг буруутган шүүхээр болсон.

2008 оны үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн залуугийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг дөрвөн жилийн турш шалгасны эцэст ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийгмийн хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг буруутган шүүхээр болсон. Тэдэнд холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас эхэлсэн юм. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Л.Өлзийхүү, Ц.Итгэл, Д.Энхтунгалаг нар оролцов.
Гэрчүүдээс Н.Энхбаяр ирсэн хэмээн мэдээлэв
Хурал 10.00 цагаас эхлэхэд гэрчээр дуудагдсан тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХЯ-ны сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нар ирээгүй байлаа. Тэдэнд шүүх хуралд гэрчээр оролцуулах шүүхийн зарлан дуудах хуудас очиход бүгд очиж мэдүүлэг өгнө хэмээн мэдэгдэж байсан юм. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр шүүх хурлаар жүжиг тоглох гэж байгаа бол очихгүй, үнэнийг олно гэвэл очно хэмээж байсан ч 10.15 цагийн үед түүнийг ирээд гэрчийн өрөөнд сууж байсан хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Мөн түүний бие хамгаалагчид шүүхийн үүдээр эргэлдэж байсан нь түүнийг ирснийг нотлов.
Цагдаагийн ар гэрийнхэн, хохирогчдын ар гэрийнхэн хоорондоо маргалдав
Шүүх хурал эхлээд удаагүй байтал шүүхийн үүдэнд бөөн хэрүүл боллоо. Учир нь үймээний үеэр амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн шүүх хуралд оролцох хүсэлтээ илгээсэн ч хүсэлтийг хүлээн аваагүй аж. Үүнд бухимдсан хохирогчдын гэрийнхэн Эрүүгийн танхимын хаалгыг нээхээр бужигнав. Мөн шүүгдэж буй цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхэнтэй хэрэлдээд авлаа. Тэдний хооронд цагдаа хүн буудсан, буудаагүй, та нар алуурчдыг тэжээсэн хэмээн хэрүүлийн алим дэгдээд өнгөрсөн юм.
Г.Ганбаатарын хэргийг тусд нь хянахаар болов

Ийнхүү хэрэлдэх зуур шүүхийн танхимаас шүүгчид гарч явав. Учир нь шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо Солонгос улсад ажлаар явж байгаа учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан байна. Шүүгчид түүний хүсэлтийг хэлэлцээд Д.Оросоо өмгөөлөгчийг гадаад явж байгааг нотлох баримт нь хангалттай бус. Тиймээс түүнийг шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар 500 мянган төгрөгөөр торгоно. Мөн Д.Оросоо өмгөөлөгч байхгүй ч шүүх хурлыг үргэлжлүүлэх болно” гэжээ. Тиймээс шүүгдэгч Г.Ганбаатар дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргахад боломжгүй хэмээн түүний хэргийг тусгаарлахаар болов. Г.Ганбаатарын хэргийг тусгаарласнаар шүүх хурал үргэлжиллээ.
Тэднийг цагдан хорих шийдвэр гаргав
Шүүх хурлын үеэр шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт тавьсан юм. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаны дараа шүүгч Ч.Хосбаяр тэднийг цагдан хорих шийдвэр гаргав. Үүнийг өмгөөлөгч О.Алтангэрэл “Шүүгчээсээ татгалзсан байхад шүүгч цагдан хорих шийдвэр гаргасан. Уг нь бол ерөнхий шүүгчийг шийдвэр гаргатал шүүгч ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй байдаг. Гэтэл цагдан хорих шийдвэр гаргачихаад байна. Мөн Г.Ганбаатарын хэргийг тусгаарлана гэж байх шиг. Түүнчлэн шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн өмгөөлөгчийг 500 гаруй мянган төгрөгөөр торгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн тухай хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Мөн өмгөөлөгч нь ажилтай байна гэхэд үйлчлүүлэгчийг нь цагдан хорьж байгаа юм. Тэгэхээр бүх зүйл хууль бус явагдсан” хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой байдаг аж.
Цагдаа нар ажил хаяхаа мэдэгдэв Тэднийг хорих шийдвэр гаргасны дараа Улаанбаатар хот дахь нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн, тусгай байгууллагын цагдаа нар ажил хаяна гэдгээ мэдэгдэв. Харин уг ажил хаялтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сандаг-Очир гарын үсэг зураагүй аж. Түүнийг нь цагдаа нар генералын зориг дутлаа хэмээн шивнэлдэж байв.
Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын хүмүүс иржээ
Харин гадаа жагсаж буй иргэдийн дунд нэгэн сонирхолтой зүйл болон өнгөрөв. Энэ нь цагдааг хамгаалахаар ирсэн иргэд улс төрийн явуулгаар жагссаныг гэрчлэв. Учир нь “Цагдаа буруугүй, Цагдааг сулла, Цагдаа нар улс төрийн золиос биш” хэмээн нэгэн дуугаар орилолдож байсан иргэдийн нэг хэсэг нь “Ц.Элбэгдорж буруутай, Элбэгдоржийг огцруул” хэмээн орилж байсан бол нөгөө хэсэг нь “Н.Энхбаяр, С.Баяр нарыг дууд. Тэднийг шүүх ёстой” хэмээн орилолдож байв. Улмаар Н.Энхбаяр, С.Баяр нарыг дууд хэмээн орилж байсан иргэд Ц.Элбэгдоржийг огцруул гэсэн иргэд руу хандан та нар Н.Энхбаяр, С.Баяр нарыг дууд гэж орилооч ээ. Юу гээд Ц.Элбэгдоржийг огцруул гээд орилоод байгаа юм хэмээв. Харин хариуд нь энэ хэрэгт чинь Н.Энхбаяр ямарч буруугүй. Харин ч Н.Энхбаяр Онцгой байдал зарлаж, үймээнийг зогсоосон гэв. Гэтэл Н.Энхбаяр, С.Баяр нарыг дууд хэмээн орилж байсан иргэд “Аан эд чинь Н.Энхбаярын хүмүүс юм байна ш дээ. Даанч тийм байхаа. Түрүүнээс хойш Н.Энхбаяр, С.Баярыг дууд гэж орилохгүй. Ц.Элбэгдоржийг огцруул гээд байсан юмаа” хэмээв. Харин сүүлдээ “За хэдүүлээ хоорондоо маргалдаад юу гэхэв. Үндсэн ажилдаа оръё” гээд “Цагдааг сулла, цагдаа буруугүй, цагдаа улс төрийн золиос биш” хэмээн үргэлжлүүлэн орилов. Шүүгдэгчдийн биеийн байдал муудаж, эмнэлэг рүү ачин явлаа

Ийнхүү тэднийг цагдан хорих руу ачих эсэхийг хүлээж суух зуур тэдний биеийн байдал муудаж, Яаралтай түргэн тусламж 103 дуудлаа. Шүүгдэгч Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нар сахарын өвчтэй байсан ба сэтгэл санаагаар унасны улмаас сахарын өвчин нь ихэссэн гэв. Мөн даралт нь ихэссэн учир яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй хэмээн шүүх бүрэлдэхүүнд танилцуулав. Гэвч ерөнхий шүүгчийн зүгээс эмчийн дүгнэлтийг үл харгалзан цагдаагийн экс дарга нарыг хорих анги руу ачина хэмээсэн гадаа нь жагсаж байсан иргэдийн дунд үймээн самуун дэгдээсэн юм.

Мөн Ч.Хосбаяр шүүгчийг шүүхийн танхимаас гарах үед цагдаагийн экс дарга нарын гэрийнхэн бүчин авч гар далайн, үймээн болов. Харин энэ үеэр шүүгдэгчдийн биеийн байдал ихэд муудсан учир тэднийг Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн эмнэлгийн аль нэгд хэвтүүлнэ гэв. Гэвч үүнийг цагдаагийн гэрийнхэн эсэргүүцэв. Учир нь тэд эмнэлэг рүү хүргэнэ гээд хорихын эмнэлэг хүргэчихнэ хэмээн болгоомжлон, хоёрдугаар эмнэлэг рүү авч явсан юм. Тэднийг эмнэлэг рүү ачигдсаны дараа тэдний ар гэрийнхэн УИХ-д хандаж, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичийн дарга Ц.Шаравдоржтой уулзсан байна.
Б.Чимэг