

- Ямар үндэслэлээр орон сууцны газрыг үнэгүй олгож болно гэж үзэж байгаа вэ?
- Бид Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулснаар 55 мкв-аас дээш нийтийн орон сууцны газрыг төрөөс даах боломжтой. Ингэснээр хорин жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээл өгөөд ч буурахгүй байгаа орон сууцны үнийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Өнөөдөр орон сууцны компаниуд газраа маш өндөр үнээр аваад түүн дэрээ бусад үнээ шингээж иргэдэд зарж байгаа. Дараа нь тэр орон сууцны газрыг нь нийтийн эзэмшлийн газар болгоод буцаагаад төрийн мэдэлд авчихдаг. Төр нэгэнт эргүүлээд авчихаж байгаа болохоор газрыг нь үнэгүй болгох санал гаргаж байгаа юм.
- Бүх барилгын команид үнэгүй өгөх үү?
- Баригдах гэж байгаа орон сууцны хорооллын төслийг шалгаруулаад, шалгарсан компанид нь тэр газрыг үнэ төлбөргүй өгнө. Өнгөрсөн жил ч орон сууцны тухай хуулийг хэлэлцэж байх үед дэвшүүлж байсан санаа.
- Дулааны шугам сүлжээг нь төр хариуцна гэж энэ хуулийн төсөлд бас оруулсан байна. Тайлбарлаж өгөхгүй юу?
- Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд төвлөрсөн дулааны болон халуун, цэвэр усны сүлжээний асуудлуудыг нь шийдэж өгөхөөр тусгасан. Нийтийн эзэмшлийн орон сууцны барилгуудын инженерийн шугам сүлжээний зардлыг төрөөс хариуцдаг болох нь зөв гэж үзэж байна. Өнөөдөр барилгын команиуд өөрсдөө сантехникийн шугам сүлжээгээ бариад энэ зардлаа бас орон сууцны үнэд нэмж зардаг. Тиймд төсвийн мөнгөөр нийтийн орон сууцны сантехникийг барьж өгвөл орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр буурна. Мөн нийтийн орон сууц хямд өртөгтэй болсноор гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажил улам хурдтай болно.
- Энэ хууль батлагдсаны дараа орон сууцны үнэ буурах баталгаа хэр байгаа вэ?
- Барилга бол өртөг, зардлыг нь тооцож болдог хамгийн боломжтой бизнес. Барилга барихад ордог материал, хүн хүчний тооцоо судалгаа нь тодорхой байдаг салбар. Тиймээс хамгийн эхэнд хэдэн төгрөгөөр баригдаж байгаа үнэ, өртөгийг тодорхойлно. Үүний дараа бусад зардлыг нь тооцоод ирэхээр нэг жишиг үнэ гарах байх. Газрын болон дулаан, усны шугам сүлжээг нь үнэгүй хийгээд өгвөл харьцангуй хямд болно. Хаврын чуулганаар хэлэлцээд баталвал улсын төсөвт зардлыг нь тусгахаар төлөвлөж байгаа.
- Юмны үнийг бууруулах гээд төр гар оролцоод байгаа нь улам бүр нэмэгдүүлдэг гэсэн шүүмжлэл гараад байгаа шүү дээ?
- Ер нь орон сууцны үнэ, бензины үнэ хоёрт төрийн зохицуулалт яаралтай хэрэг болж байгаа. Зах зээлийн жамаар болог гээд орхивол сая безиний үнэ хөөрөгдсөн шиг асуудал гарна. Тэгэхээр энэ тал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон бусад байгууллагууд сайн хяналт тавих ёстой. Нэгэнт төрөөс дэмжлэг үзүүлээд орчинг нь сайжруулж байгаа болохоор ямар нэг байдлаар төр үнийн өсөлтөд анхаарч, зохицуулах нь зөв юм.
- Ярилцсанд баярлалаа.