
Агентлагийн мэдээлэлд түүний өмгөөлөгч Константин Лаганцев “Сайдад үүсгэсэн хэрэгт хангалттай нотолгоо байхгүйн улмаас хэрэгсэхгүй болгосон” гэжээ. Ростов мужийн баривчилгааны төвд хоригдож байсан Сюсюрыг удахгүй суллах юм байна.
Виктор Сюсюр “Хил дамнасан хууль бус наймааны 59 хэрэг”-ийг Буриадын Дотоод хэргийн өмнөх сайдтай хамтарч хийсэн гэх үндэслэлээр баривчлагдсан аж. “Хил дамнасан хууль бус наймааны 59 хэрэг” гэдэг нь Оросын өмнөд хилээр их хэмжээний хууль бус барааг удаа дарааллан гаргасан хэрэг байв.
2009 оны 12 дугаар сард Улсын гаалийн эдийн засгийн аюулгүй байдлын албаны дарга асан Александр Молибог болон хоёр ливан иргэн хэргийг илчилсэн аж. Гэсэн ч одоо эдгээр иргэд өөрсдөө сэжигтнээр татагдан байцаагдаж байгаа юм.
Виктор Сюсюр 2006 оны гуравдугаар сард Дотоод хэргийн сайдаар томилогдсон аж. Сайдаар ажиллах болсноор Азов болон Хар далайн тээвэрлэлтийн ажлыг хариуцах шаардлага гарсан нь түүнийг сэжигтнээр татах үндэслэл болсон бололтой. Тэрбээр 2009 онд Улаан-Үүдэд саатуулагдаж Москвагийн баривчилгааны төвд хоригдсон байна.
Байцаалтын явцад Виктор Сюсюрыг ажлаас нь түр чөлөөлж байгаад 2010 оны хоёрдугаар сард халсан аж.
Д.Идэр