
Тиймээс прокурор Ш.Баярбилэгийн эсэргүүцлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүгч Ш.Төгсгэрэлийн шийдвэр зөв эсэхийг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэв. Хуралд даргалагч шүүгчээр Б.Батцэрэн, сэтгүүлч Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол, Б.Наранхүүгийн өмгөөлөгчөөр Р.Оюунцэцэг, улсын яллагчаар Ш.Баярбилэг нар оролцсон байна.
Шүүх хурал цаг гаруй үргэлжсэний эцэст Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ш.Төгсгэрэлийн захирамжийг хэвээр үлдээн, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, бага насны охидыг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгагдаад буй Б.Наранхүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн байна.
Хэргийг сануулбал, сэтгүүлч Д.Болормаа бага насны /дунд сургуулийн 14-15 насны сурагчид/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгааг олсон бөгөөд “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүүг хэрэгт холбоотой. “Мон Уран”-ы Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гарчигтай нийтлэлийг “Зууны мэдээ” сонины 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт нийтэлсэн юм.
Б.Чимэг