Ардын багш Арго “Хорин нэгэн мянга” нэртэй шинэ номоо худалдаанд гаргах гэж байна. Гадаад хэлний багшаа хийхээ болиод хошин урлаг руу орж буй түүнтэй ярилцлаа.
- Хошин шогийн тоглолтын билет тань
21000 төгрөгөөр зарагдах юм байна. Хүмүүс ийм өндөр үнээр жүжиг
үзнэ гэж та бодож байна уу?
- Жүжгийн анхны ном маань “Хорин нэгэн
мянга” гэдэг нэртэйгээр
гарлаа. Энэ номонд орсон хошин зохиолуудаараа хошин шогийн тоглолт тавина. 21000 төгрөг бол одоогийн шоу ертөнцөд тийм үнэтэй
биш. Яагаад гэвэл сая С.Жавхлан
25000 төгрөгөөр тоглосон байгаа. “Никитон”-ы Батчулуун 20-100 мянган төгрөгийн
хооронд тоглолтын билетээ зарсан. Хүмүүс одоо сайн сайхан зүйлийг харуулсан
шоуг үзэх дуртай болжээ.
Манай шоу хөтөлбөрийг үзэх хүмүүст би номоо бэлэглэх юм.
Тийм учраас бараг үнэгүй байгаа биз дээ. Тиймээс хямдхан. Хүмүүс 21000
төгрөг олох тал дээр санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл засаг төр нь өгч
байгаа. Хүний хөгжлийн мөнгөөрөө авч болно шүү дээ.
- Яагаад хошин урлагт хүч үзэхээр болчихов оо? Номын
бизнес тань амжилтгүй болчихсон юм уу?
- Миний гадаад хэлний номууд сүүлийн долоон жил дандаа бэстселлер
болсон. Борлуулалт сайтай номны
жагсаалтад миний ном дандаа багтдаг. Хамгийн сүүлд гаргасан хятад хэлний
ном маань 1000 хувь хэвлэгдээд гуравхан сарын дотор дуусч байгаа. 55000
төгрөгөөр зарагдаж байгаа ном шүү дээ. Тэгэхээр номын бизнес маань амжилттай
байгаа. Би гадаад хэлний салбарт 21 жил ажилласан. Одоо өөрийн унаган мэргэжлээр ажилламаар байна.
Би Горькийн нэрэмжит утга зохиолын сургууль төгссөн утга зохиолч мэргэжилтэй. Одоо зохиолч
мэргэжлээрээ ажиллах цаг болжээ. Монголд хошин шогийн урлаг их доогуур шатанд
байна. Зүгээр л марзагналын шинжтэй болсон байна. Хошин шогийн зохиолчид их
ховор байдаг. Хошин зохиол
бичнэ гэдэг бол маш их авьяас шаардсан ажил. Одоо зохиолчид өөрийнхөө
зовлонг бичээд тавьчихдаг болж. Тийм учраас би хүмүүст жинхэнэ цагаан инээд,
хошин зохиолыг мэдрүүлэх гэж инээдмийн урлаг руу орж байна. Хүмүүс намайг хошин
шогийн мэдрэмж сайтай гэж ярьдаг. Миний хажууд байгаа хүмүүс өөрийн эрхгүй инээгээд
байдаг. Хөдөлмөрт дургүй хүмүүс надад их дургүй байдаг л даа. Би бол
хөдөлмөрч хүн. Тийм учраас хошин шогийн урлаг руу гүн гүнзгий оръё гэж бодож
байна. Түүнээс гадна продакшнууд зохиолгүй байна. Саяхан “Май чи” гэдэг тоглолт
тавигдлаа. Үнэхээр эмгэнэлтэй. Тайзан дээр баахан салаавч гаргаж гүйгээд. Ийм
доогуур түвшинд урлаг оччихсон байна шүү дээ. Би продакшнууддаа туслах зорилготой
байгаа.
- Ер нь та хошин урлагийнхантай хэр найз вэ? Тэд таныг зохиолуудыг
яаж хүлээж авч байна ?
- Би Аглууг маш сайн жүжигчин гэж боддог. Хааяа нэг уулзаад
хууч хөөрдөг хүн маань жүжигчин С.Лхагвасүрэн. Лхагваа ах надтай уулзаад “Хошин
шог зохиолгүй болчихоод байна чиний гадаад хэлний номонд бичигдсэн хэдэн
өгүүллэг их инээдтэй юм чи ер нь зохиол бичвэл яасан юм” гэсэн санал тавьсан
юм. Манай урлагийнхан аливаа зүйлийг дандаа хар талаас нь гаргадаг болсон. Тийм
учраас би үзэгчиддээ сонгодог инээд бэлэглэнэ. Их өндөр шатны инээд. Дээд
түвшний инээд бол
“Монголын нууц товчоо”-оос ихтэй. Монголын ард түмэн их шооч ард түмэн. Тийм
учраас урлагийнхан дандаа үхэл хагацал, нус нулимс, болж бүтэхгүй зүйлээр хүний
сэтгэлийг тэжээж болохгүй ээ. Продакшнууд их доогуур түвшний уран бүтээл хийж
байна. Энэ их аюултай.
- Таны яриад байгаа дээд түвшний инээдийг хүмүүс хэр
хүлээж авах бол?
- Би “Хорин нэгэн
мянга” номондоо байдаг таван өгүүллэгийг англи хэлнийхээ
номонд хэвэлсэн юм. Тэгсэн хүмүүс англи
хэлээ үзэхгүй нөгөө өгүүллэгүүдийг уншиж инээлдээд эхэлсэн. Дахин дахин уншихад инээд хүрээд л байх юм гэж хэлж байсан.Тэгэхээр л их сонирхолтой юм шиг байгаа юм.
- Арго гэдэг нэр Монголын брэнд болжээ. Та хүмүүст өөрийгөө
таниулж мэдүүлэхийн тулд хэр хөдөлмөрлөсөн бэ?
- За яахав юу ч хийдэггүй хүн, юм хийдэг хүний зовлонг ойлгохгүй. Өнөөдөр таван настай хүүхэд хүртэл намайг таниж байна. Ингэж танигдахын тулд 9
жилийг зарцууллаа. Энэ хугацаанд би 400 орчим сонинд ярилцлага өгсөн байна.
Телевизийн сувгаар 930 удаа гарсан байна. Зурагтаар гарахдаа зүгээр гарна гэж
байхгүй шүү дээ. Мөнгийг нь төлнө. Тэр мөнгийг олно гэдэг хүнд хэцүү зүйл. Бас
зургаан хэлний ном гаргасан.
- Таны сар орлого хэд вэ?
- Оюуны бүтээлээрээ тодорхой хэмжээгээр мөнгө олдог. Хүн болгон өөр өөрийн мэргэжлийн салбартаа хөдөлмөрлөж
өөрсдийгөө тэжээж байгаа. Би ч гэсэн тэдний нэг. Түүнээс биш төрөөс 21000
мянган төгрөг хүлээгээд бүтэхгүй шүү дээ. Тиймээс номондоо “Хорин нэгэн мянга”
гэдэг нэр өгөөд, үнийг нь хорин нэгэн мянгаар тогтоогоод, шоуг хорин нэгэн
мянгаар үзүүлээд, ном авсан 21 хүнд урамшуулал өгч байна гэдэг цаагуураа нэг
зүйлийг хэлээд байгаа байхгүй юу.
- Хошин урлагийн ямар хамтлагтай хамтарч ажиллах гэж
байна?
- Би хошин урлагийн бүх продакшнуудыг урьж
байгаа. Зарим нэг талаар шүүмжилж байсан бол уучлаарай. Эм гашуун байх тусмаа
өвчнийг эдгээдэг шүү дээ. Тийм учраас шүүмжлэл хэрэгтэй. Худлаа магтаад байвал эд нар улам даварна. Ер нь хошин
урлагийн хамтлагууд миний зохиолуудаар жүжиг тавьж болно.
Гэхдээ зохиогчийн эрхийн дагуу гэрээ хийгээд олсон орлогоосоо өгдөг байх
хэрэгтэй. Хошин урлагийнхан өөрсдийн бардам зангаа дараад надтай хамтарч
ажиллана гэвэл би нөхөрлөхөд бэлэн байна. Хоёр гараа өргөөд хамгийн сайн нөхөр
болж чадна гэж хэлмээр байна. Даан ч тэд нар ирэхгүй байх гэж бодож байна.
- Тэд тантай
хамтарч ажиллахгүй бол та яаж жүжгээ тавина гэж бодож
байна?
- Ирэхгүй бол шинэ жүжигчид авна. Гэхдээ хошин урлагийнхан ирэх
байх. Хошин урлагийнхан их мундаг, сэргэг соргог хүмүүс. Гэхдээ зохиол сайн бол
заавал жүжигчид хэрэггүй. Яагаад гэвэл хүн уншчих юм чинь.
- МАХН-д элсэх асуудал нь бүтэлгүйтээд
АН-д гишүүнээр элсэхээр болсон гэсэн. АН-ынхан таныг хэр хүлээж авсан бэ?
- Би хоёр
намд хоёуланд нь ормоор байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар
У.Хүрэлсүх ажилладаг шүү дээ. Бид хоёр нэг нутаг. Би нэг өдөр У.
Хүрэлсүхтэй очиж уулзаад “Танай
намд элсмээр байна” гэсэн. Тэгсэн намынх нь дарга ч юм уу хэн ч юм нэг хүн
“Арго шиг олонд муугаар танигдсан хүн манай намын нэр төрд сэв болно” гэж
хэлсэн байна лээ. Тэгээд намайг ариун бус явдалтан гээд намдаа элсүүлээгүй. Тэгээд нэгэнт гологдсон юм чинь
Ардчилсан намд элсэхээр Баянгол дүүргийн ардчилсан нам дээр очсон. Ер нь бодоод
байсан би шинэчлэл хийдэг хүн юм байна
шүү дээ. Тэгээд ардчилсан намынхан намайг найрсагаар хүлээж авсан. Би намд
элсэхдээ УИХ-д нэр дэвших зорилгоор ороогүй. МАН намайг голсон. Тэгсэн мөртлөө
надаас хөлдүү хөлдүү залуучуудыг элсүүлээд байгааг хараад гайхаж байна. Уг нь
би ардын намд орж шинэчлэл хийе гэж бодож байсан юм. Би бол нийгэмд хийсэн юмтай жижиг
хөрөнгөтөн хүн шүү дээ.
- Намд элсэх гээд байгаагийн чинь учир юу вэ?
- Намд элсэж байж шинэчлэл хийнэ шүү дээ. Түүнээс биш гаднаас нь чулуу барьж мянга гүйгээд нэмэр байхгүй.
Т. Хулан