
Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлвөөс харахад энэ сарын 17-ноос төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрнэ.
Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө-6-11 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 19-нөөс нийт нутгаар дулаарах аж.
Амралтын өдрүүдэд Улаанбаатарт өдөртөө таван градус хүйтэн байх бөгөөд даваа гаригаас хоёр, мягмарт таван градус дулаан байна.