Украины экс ерөнхийлөгч Виктор Януковичийн бага хүү өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Эрхүү мужид Байгаль нууранд живж нас барсан тухай “BBC” мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Оросын хэвлэлүүд бага Виктор Януковичийг нэгэн спортын арга хэмжээний үеэр Байгаль нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтайгаа живж нас барсан гэжээ. Гэвч түүнтэй хамт автомашинд байсан таван хүн хэргийн газраас зугтааж алга болсон байна.
Эцэгтэйгээ адил нэртэй, 31 настай залуу экстрим спортод сонирхолтой нэгэн байжээ.
Бага Виктор Янукович сонирхолтой тохиолдлоор амиа алдсан нь Украины экс ерөнхийлөгчийн холбоотнууд ээлж дараалан янз бүрийн шалтгаанаар амиа алдсантай холбогдож ОХУ болон Украинд ихээхэн шуугиан дэгдээж байна.
Энэхүү хэрэг осол эсвэл санаатай аллага байсан эсэхийг холбогдох албаныхан шалгаж эхэлжээ. Мөн хэргийн газраас зугтаасан таавн хүнийг эрэн сурвалжилж байна.
Экс ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн оны хоёрдугаар сард төрийн эргэлтээр суудлаасаа хөөгдсөнөөр ОХУ-руу зугтсан билээ. Түүнийг Украинд эргүүлэн өгөхийг Киев Москвагаас шаардаж байгаа юм. Сүүлийн долоо хоногуудад Виктор Януковичтой ойрын холбоотой байсан зургаан хүн, тэдгээрийн үр хүүхдүүд “нарийн тодорхой бус” шалтгаанаар амиа алджээ.
Д.Идэр
www.24tsag.mn