Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани Вашингтонд албан ёсоор айлчилж байна. АНУ Афганистанаас цэргүүдээ эргүүлэн татахаар болсон хэдий ч энэхүү албан ёсны айлчлал хоёр орны харилцааг бататгах болно хэмээн хүлээгдэж байгаа юм. Энэ нь зургаан сарын өмнө сонгогдсон Ашраф Ганигийн хувьд АНУ-д хийж буй анхны айлчлал билээ.
Ерөнхийлөгч сонгуулийн дараа эрх мэдлээ хуваалцах тохиролцоонд хүрсэн өөрийн Гүйцэтгэх дарга Абдулла Абдуллагийн хамт даваа гарагт Вашингтон буусан юм. Тэдний айлчлалын зорилго нь АНУ-ыг Афганистанд одоо хэрэгжиж буй санхүүгийн болон цэргийн тусламжийг үргэжлүүлэхийг Конгрессоос хүсэх аж. Мөн үүнээс илүүтэйгээр террорист бүлэглэл “Исламын улс”-тай тэмцэхэд туслалцаа олж авах юм хэмээн олон улсын ажиглагдчид бичжээ.
Ашраф Гани Америкийн телевизэд өгсөн ярилцлагадаа Афганистан улс тун удахгүй исламын хэт даврагчдын бай болно хэмээн харж буйгаа ярьсан байна. Тэрээр “Бид Исламын улсын дайралтаас сэргийлж байгаа. Гэвч энэ бүлэглэл биднийг онилж байгаа тухай хөдөлшгүй нотолгоо байгаа” хэмээн хэлжээ.
Гани, Абдулла нар мягмар гарагт Пентагонд зочлох бөгөөд лхагва гарагт Цагаан ордонд зочилж ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм.
Д.Идэр