Тунисын музейд буутай террористууд халдсаны улмаас 21 хүн амь үрэгдсэн хэргийн дараа тус ерөнхий сайд аюулгүйн албаныханд хариуцлага тооцож эхэлжээ. Ерөнхий сайд Хабиб Эссид Үндэсний бардо музейн халдлагаар олон хүн амиа алдсан нь аюулгүйн албаныхан үүргээ сайн биелүүлээгүйтэй холбоотой хэмээн буруутгажээ. Тиймээс аюулгүй албаны таван удирдах ажилтныг ажлаас нь халсан байна.
Ерөнхийлөгч Бежи Каид Эс-Себси ч мөн өнгөрсөн долоо хоногийн халдлагад аюулгүй байдал сахиулагчид муу ажилласан хэмээн шүүмжилсэн билээ.
Буутай хоёр этгээд музейн гадаа байсан автобуснуудаас гарч музейд нэвтрэн орж халдлага үйлдсэн билээ. Террористууд музейд байсан жуулчид руу гал нээсэн бөгөөд заримыг нь барьцаалаад байсан юм. Гэвч аюулгүйн албаныхан барьцаалагсдыг чөлөөлөх ажиллагааны үеэр дахин гал нээлцсэнээр амиа алдагсдын тоо нэмэгдэхэд хүрсэн гэжээ. Гэмт хэрэгтнүүд мөн энэ ажиллагааны үеэр амиа алдсан юм.
Тус улсад сүүлийн арван жилд гараагүй хэмээн тодорхойлогдож буй цуст халдлагыг Исламын улс террорист бүлэглэл үйлдсэн нь тогтоогдсон. Халдлагад өртсөн музейг өнөөдөр нээсэн юм. Тунисчууд ирэх ням гарагт терроризмтой тэмцэх үндэсний жагсаалыг зохион байгуулахаар болсон билээ.
Д.Идэр