Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдсэн хэргээс гадна тус шүүхээр нийтлэг хэлэлцэгддэг газрын болон ашигт малтмалтай холбоотой хэрэг, маргааны талаар Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд ЗХДЗШШ-ийн ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар, М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, Тамгын хэлтсийн дарга А.Насандэлгэр нар оролцов.
Энэ үеэр тус шүүхээс өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн ажил болон шүүн таслах ажиллагааны талаар товч танилцуулснаас гадна Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд аль болох нээлттэй шүүх болохын төлөө хийж буй ажлуудынхаа талаар мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 22 анхан шатны шүүх үйл ажиллагаа явуулж, хэрэг маргаан шүүн тасалж байгаа.
Анхан шатны шүүхээр өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд иргэдээс 1556 нэхэмжлэл хүлээн авснаас 891 хэргийг нь тус шүүхэд шийдвэрлэсэн байна. Мөн маргааны төрлийн хувьд газар болон ашигт малтмал, татвар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой хэргүүд дийлэх хувийг эзэлдэг байна. Нөгөөтэйгүүр захиргааны байгууллагууд хууль бус шийдвэрээ нуун дарагдуулах зорилгоор шүүхэд хуурамч бичиг баримт ирүүлсэн тохиолдол өнгөрсөн хугацаанд хэд хэдэн гарчээ. Тухайлбал, Нийслэлийн барилга хот байгуулалтын газар энэ төрлийн хуурамч бичиг баримт үйлдсэн учраас тус газарт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт материалыг нь хүргүүлээд байгаа аж. Энэ талаар болон бусад асуудлын хүрээнд ЗХДЗШШ-ийн ерөнхий шүүгч Ц.Цогттой цөөн хором ярилцлаа.

-Газрын маргаантай холбоотой хэрэг байнга өсч байна. Үүний гол учир нь газрын албад энэ төрлийн маргааныг таслан зогсоохын тулд ямар ч ажил зохион байгуулахгүй байгаатай холбоотой. Жишээлбэл, газрын маргаантай холбоотой маргаан ерөөсөө тасрахгүй, энэ төрлийн шийдвэр шүүх дээр ирээд хүчингүй болоод байхад тухайн шийдвэрийг гаргасан хүмүүс огт хариуцлага хүлээхгүй байна. Аль нэг дүүрэг газар олгож байхад нийслэлээс нөгөө газар дээр нь дахин давхардуулаад газар олгож байх жишээтэй. Хэрвээ газрын алба хангалттай сайн ажилладаг бол ийм маргаан буурна. Мөн иргэд болон байгууллагын зүгээс газар хүсч байгаа өргөдөлд үргэлж ялгамжтай ханддаг. Заримд нь 5 мянган га газрыг сонгон шалгаруулалтгүй өгч байхад заримийнх нь өргөдөл гомдлыг шийддэггүй. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байгаа. Үүний дагуу дүүрэг болон нийслэлийн Засаг даргын олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгодог ч эргээд энэ хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа болохоор төдийлөн үр дүн гарахгүй байгаа хэрэг. Үүнийг л зогсоох шаардлагатай байна.
-Нийслэлийн барилга хот байгуулалтын газар хуурамч бичиг баримт үйлдсэн учраас эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын газарт материалыг нь хүргүүлсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Тухайлбал, хэн гэдэг албан тушаалтан хариуцлага алдсан юм бол?
-Ямартаа ч эхний ээлжинд энэ газар хууль бус үйлдэл гаргасан байна гэдгийг манайх тогтоосон. Цаашид хэрхэхийг прокурорын байгууллага шийдэх байх. Хэргийг шалгаж байгаа болохоор бид энэ талаар мэдээлэл өгөх эрхгүй.
-Ер нь анхан шатны шүүхээр шийдсэн хэргүүдийн хэчнээн хувь нь гомдол гаргаж, давж заалддаг вэ?
-Анхан буюу нэгдүгээр шатны шүүхийн гаргасан шийдвэрийн дийлэнх нь эргэн давж заалддаг гэсэн дүн бий. Өөрөөр хэлбэл, анхан шатнаас гарсан шийдвэрийн 59-60 хувь нь гомдолтой гэсэн үндэслэлээр хоёрдугаар шатны шүүхэд ханддаг. Хамгийн сүүлийн судалгаагаар нийслэлийн хэмжээнд 1 сая 206 мянган хүн амьдарч байна гэсэн тооцоо гарсан байна. Гэтэл нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдол гарсан хэргүүдийн 60-аад хувийг нь шийддэг гэсэн үг. Нийслэлд байгаа энэ сая гаруй хүний ихэнх нь захиргааны хэргийн шүүхэд ханддаг гэж ойлгож болно. Үүний улмаас өч төчнөөн маргаан үүсч байна.
-Тэгэхээр хүнд гэмт хэргээс илүүтэй захиргааны хэргийн гомдол газар аваад байна гэсэн үг үү?
-Манай шүүхээр жилд 800-900 хэргийг шийдэж байна гэж үзвэл эрүү болон иргэний шүүхүүдтэй харьцуулахад бага юм шиг ойлгогдоод байдаг. Гэтэл захиргааны хэргийн ажлыг дан ганц тоон үзүүлэлтээр дүгнэх боломжгүй. Учир нь захиргааны хэргийн гол онцлог нь шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулж, бүх ажиллагаагаа хийдэг. Цаашлаад гэрчээ асууна, үзлэгээ хийнэ, хэргийн араас явна гээд шүүхийн шатанд шаардлагатай бүхий л ажлыг гүйцэтгэдэг. Тэр бүү хэл тухайлбал, газрын маргаан дээр л гэхэд шүүхийн ажилтнууд өөрөө яваад газар дээр нь очиж байж үнэлэлт, дүгнэлт гаргаж байх жишээтэй. Тэгэхээр энэ мэтчилэн том жижиг ажиллагааг бүгдийг нь хийдгээрээ захиргааны хэргийн шүүх ачаалал ихтэй л дээ. Ер нь захиргааны хэрэгт ирж байгаа гомдол тасардаггүй.
-Захиргааны хэргийн шүүхэд хэн ханддаг вэ?
-Өнгөрсөн онд Улсын тэмдэгтийн тухай хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр өмнө нь 250 болон 550 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болгон төлдөг байсан. Гэтэл энэ хуульд өөрчлөлт орсноор 70200 төгрөг авахаар болсон. Захиргааны хэргийн шүүхэд хэн ханддаг вэ гэхээр хашааны газраа захиргааны маргаанаас болоод алдсан, иргэн хоорондын маргаанаа таслан шийдвэрлэж чадахгүй байгаа хүмүүс л ихэвлэн ханддаг. Эдгээр гомдлыг гаргаж байгаа хүмүүс тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөөд шат шатанд гомдол гаргаад явах боломжгүй байдаг. Тиймээс манай шүүхээс энэ мөнгийг хэрхэн яаж, иргэдэд чирэгдэлгүй төлөх талыг судалж байна. Энэ талаар хуулиас харахаар боломжууд байдаг. Тухайлбал, тухайн иргэн захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдлынхоо тэмдэгтийн хураамжын мөнгийг төлж чадахгүй байгаа тохиолдолд амьдралын төвшинг нь харгалзаж үзээд чөлөөлөх эсвэл хэсэгчлэн төлөх гэсэн заалт бий.
-Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэл зохилтой юм бэ. Ямар нэгэн гарц бий юу?
-Захиргааны ерөнхий хууль нэртэй хууль ХЗДХЯ дээр боловсруулдагдаад явж байгаа. Энэ хуулиар бүх захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг нэг болгох, иргэдэд нэг мөр мэдээлэл олгох зохицуулалтыг зааж өгсөн хууль юм л даа. Ер нь энэ захиргааны хэргийн гомдлыг хэрхэн шийдэхийг нэг мөр болгохгүй бол хууль бус үйл ажиллагааг шийдвэрлэхэд төдийлөн ахиц гарахгүй байна.
Б.Чимэг