Өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Оклэнд хотын Ойкос их сургуульд зэвсэгт этгээд халдаж долоон хүнийг буудан хороож, гурван хүн шархдуулан зугтжээ.

Ойкос нь гүн ухаан, дорнын анагаах ухаан, сувилахуйн ухаан, хөгжим зэргээр гүнзгийрсэн сургалт явуулдаг, тус хотод амьдардаг солонгосчуудын үүсгэн байгуулсан сургууль ажээ.
Цагдаа нарын мэдээлснээр тус сургуульд өмнө нь суралцаж байсан 43 настай One Goh хэмээх эрэгтэйг халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Одоогоор сэжигтнийг ойролцоох Аламедиа хотын нэгэн супермаркетад бүслэн хаагаад баривчилсан аж.
Гэмт этгээд сургуулийн нэгэн танхимд ормогц буу гарган ирж хохирогчдыг хана руу харуулан зогсоогоод галзуурсан мэт буудаж эхэлжээ. Шархдсан болон түүнийг харсан гэрчүүдийн мэдээллээр цагдаа нар хэрэгтнийг тогтоож баривчлахаар шуурхай хөдөлсөн байна.
Өнгөрсөн сард Францын Тулуз хотноо гурван байлдагчийг цувралаар хөнөөж, эцэст нь еврейн сургуульд халдлага үйлдэн дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг гарч олныг шуугиулж байсан. Улмаар гэмт хэрэгтнийг цагдаа нар бүслэн хааж эцэст нь сэжигтэн зугтахыг оролдож байгаад буудуулан амиа алдсан билээ.
Д.Идэр

































