"Avon" корпораци зарагджээ

Дэлхийн томоохон үнэртэн үйлдвэрлэгч “Coty” компани, гоо сайхны бараа үйлдвэрлэгч “Avon” корпорацийг худалдан авахаар шийджээ. “MarketWatch”-ын мэдээлж байгаагаар “Coty” компани “Avon”-ы нэгж хувьцааг 23.25 ам.доллар буюу нийт 10 тэрбум ам.долларын хувьцааг худалдан авах аж. Энэ сургаар хөрөнгийн бирж дээр “Avon” корпорацийн нэгж хувьцааны үнэ 26 хувиар өссөн байна. Өмнө нь “Coty”-гийн талаас санал болгосон үнийг “Avon”-оос татгалзсан хариу өгөхөд “Coty”-гийн удирдлага бидний үнийг та нар хэрэв зах зээлийн үнэлгээнээс доогуур гэж батлах юм бол бид танай хэлсэн тэр үнээр чинь худалдаж авахад бэлэн гэж мэдэгдэж байжээ. “Coty” нь 1904 онд анх үүсгэн байгуулагдсан үнэртэн үйлдвэрлэдэг компани аж. Орлогын 65 хувийг үнэртнээс олдог. Тэдний нэг онцлог нь ододтой хамтарч нэрийн үнэртэй усыг нь гаргадаг. Мадонна, Женнифер Лопес, Селин Дион, эхнэр нөхөр Бехэм нар үнэртэй усаа хийлгэн худалддаг ажээ.