Өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн танхимд цаазтай гурван иргэний асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн танхимд цаазтай гурван иргэний асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Нэгдүгээрт, Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилын гомдлыг хэлэлцэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.2, 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган, Чингэлтэй дүүргийн шүүхээс цаазын ял оноосон юм. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд хандсанаар түүний хэргийг өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дахин цаазын ял оноож, Нийслэлийн шүүхээс ялыг хэвээр баталсан юм.

Хоёрдугаарт, Дөрвөн хүний амь нас хөнөөсөн “Рецетив” гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэг, хамсаатан Ш.Гантулга Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1, 252.2 гэсэн 15 зүйл ангиар буруутгаж, Б.Эрдэнэбилэгт цаазын ял, Ш.Гантулгад 16 жилийн ял оноосон юм. Хэдийгээр тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнгөрсөн сард тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн билээ. Тиймээс тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой хэмээн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд өргөдөл гаргаад байсан юм.

Гуравдугаарт, Танхайн сэдлээр хамтран амьдрагчийнхаа амь насыг онц хэрцгий аргаар хохироосон Ц.Жаргалбаярын гомдлыг хэлэлцэнэ. Түүнд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12-т зааснаар буруутган, цаазын ял оноосон юм. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн учир ийнхүү хяналтын шүүхэд ханджээ.
Б.Чимэг