Орон нутгийн сонгуулийн тухай хууль

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Тус хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч гишүүд нэлээд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, маргаан үүсгэснээр дээрх асуудлыг хэлэлцсэнгүй. Өнөөдрийн хуралдаан дээр МАН-ын гишүүд “Хоёр сонгуулийг хамтад нь явуулах уу, эсвэл салгах уу, зүйл заалтуудыг өөрчлөх үү” гэдэг асуудлыг ажлын хэсэг дээрээ ярилцах байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Гэтэл ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ирэх мягмар гарагийн байнгын хороо хүртэл хойшлуулахаар боллоо. Харин АН-ын гишүүд 2008 онд баталсан хуулийнхаа дагуу хоёр сонгуулиа хамтад нь явуулъя гэсэн байр суурьтай байгаа юм. Хуулийн биелэлтийг хариуцдаг хүн нь Ерөнхий сайд учраас Ерөнхий сайдыг тайлбар өгөхийг тэд хүслээ. Гэтэл Ерөнхий сайд Төв аймагт ажиллаж байгаа учраас дээрх асуудал дээр тайлбар авах боломжгүй болж байна.