15 жилийн ойг нь тохиолдуулан Монголын социал демократ залуучуудын холбоонд албан ёсны мэндчилгээ илгээсэн тухай Оросын эрх баригч “Нэгдсэн Орос” намын дэргэдэх “Залуу гварди” залуучуудын холбооны сайтад бичжээ.

“2010 оны 12 сарын 23-нд ОХУ-ын “Единая Россия” намын дэргэдэх “Молодая Гвардия” залуучуудын холбооны 6 дугаар их хуралд манай холбооны нарийн бичгийн дарга Э.Золбоо болон зохицуулагч Д.Балдорж нар оролцон тус холбооны шинэ удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцсон билээ” гэж НАМЗХ-ны вэб хуудсанд бичсэн байхыг үзвэл энэхүү баярын цахилгаан чухам тэдэнд хаяглагдсан байна. Орос нөхдөөсөө ирсэн баярын цахилгааны тухай НАМЗХ харин таг дуугүй байгаа юм. Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ болон У.Хүрэлсүх, Г.Занданшатарын нэртэй гишүүддээ хандсан төрсөн өдрийн мэндчилгээ л цахим хуудсан дээр нь байх ажээ.
Владимир Путины залуус манай НАМЗХ-чуудыг “Монголын социал демократ залуучуудын холбоо нь оршин буй он жилүүддээ Монголын залуучуудын хамгийн идэвхтэй, тод хөдөлгөөний нэг гэдгээ батлан харуулсан билээ” гэж магтаад “Залуу насны эрч хүч зорилго тэмүүлэл маань ахмад үеийнхний туршлагыг арвижуулан хөгжүүлж байдаг” хэмээн цохон тэмдэглэжээ. Сүүлийн өдрүүдэд 4х4 гэсэн авто агуулгатай улаан алаг сурталчилгаагаар Улаанбаатарыг эрээлсэн НАМЗХ-ыг орос найзууд нь “Бид бодохдоо, та нар бол Монголын социал демократ залуучууд байна” гэж оношилжээ.