2016 оны 12 сарын 12
Намын Бага хурлын гишүүд ээ!
Эрхэм журмын нөхөд өө!
Намын Бага хурлын VI хуралдаанаас хойших хугацаанд манай орны болон Монгол Ардын Намын амьдрал чухал үйл явдлаар дүүрэн байлаа.
Энэ удаагийн Бага хурлын хуралдаан Улсын Их Хурлын болон орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн дараа, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгарсан амаргүй нөхцөл байдлын дунд, манай нам эрх баригч улс төрийн хүчин болсон үед болж байгаагаараа өмнөх Бага хурлын хуралдаануудаас онцлог юм.
Манай намд Монголын ард түмэн бүрэн итгэж байгаагаа өнгөрсөн сонгуулиудаар батлан харууллаа.
Улсын Их Хурлын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г манай намын гишүүд авлаа. Энэ бол Монгол Ардын Намын хувьд сүүлийн 10 гаруй жил гарч байгаагүй том амжилт, үнэмлэхүй ялалт байлаа.
Түүнчлэн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7296 мандатаас 4401 буюу 60.3 хувийг нь манай намынхан авчээ.
Энэ ялалт бол Монголын нийт ард түмний ялалт. Төрийн жолоог барьж чадах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө тууштай зүтгэдэг, тулхтай, туршлагатай улс төрийн хүчин бол Монгол Ардын Нам гэдгийг манай ард түмэн бас дахин нэг удаа мэдэрч ойлгосон, тэр хэрээр ирээдүйнхээ төлөө эргэлт буцалтгүй хийсэн сонголт нь бүхэлдээ монгол түмний ялалт байлаа.
Түүнчлэн ямар ч цаг үед намтайгаа, ард түмэнтэйгээ хамт байж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэсэн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн тэмцэл зүтгэлийн үр дүн юм.
Нөгөө талаар чамлахааргүй он цагийг элээсэн ч төлөвшөөгүй, төр барих, түмнийг удирдах үйл хэргийг улс төрийн ашиг хонжоо хайх, эрх мэдэлдээ эрдэн дураар авирлах, хэсэг бүлгийн эрх ашгийг гүйцэлдүүлэх төдийгөөр ойлгодог, нийт Монголын төлөө үүрэг хариуцлага үүрч сураагүй улс төрийн хүчний мөн чанарыг монголчууд маань танин мэдсэн нь ялалтын бас нэг үнэ цэнэ юм.
Эрхэм нөхөд өө!
Бид иргэд, сонгогчдын олгосон эрхийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газраа бүрдүүлж, улс төрийн болон төрийн зарим албан тушаалд шилдэг боловсон хүчнүүдээ томиллоо. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдан, Засаг дарга нар ажилдаа ороод байна.
Сонгууль болсноос хойш үндсэндээ хагас жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид юуг амжуулж, ямар асуудал, арга хэмжээнд анхаарал хандуулав, нөхцөл байдал чухам ямаршуу байгаа вэ гэдэг талаар товч толилуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Бид нэн хүнд нөхцөл байдалтай эдийн засгийг хүлээж авсан. Дөрвөн жилийн өмнөх Монгол, дөрвөн жилийн дараах өнөөдөр хоёрын хооронд тэнгэр газар шиг, тэмээ ямаа мэт ялгаа гарч, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд бараг бүхлээрээ огцом уналтын муруй зааж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газар энэ хүнд байдлаас гарахад чиглэсэн бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдийг нэн даруй боловсруулах, хэлэлцэн батлахад онцгой анхаарлаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны төсөв, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон зайлшгүй шаардлагатай зарим хууль, тогтоомжийг батлах болон өөрчлөлт оруулах асуудлыг УИХ аль болох богино хугацаанд шийдвэрлэн, Засгийн газарт хийж хэрэгжүүлэх ажлыг нь шуурхайлуулах зорилго тавьж ажилласан.
Засгийн газрын ойрын үеийн зорилт бол эдийн засгийн хүндрэлийг аль болох охорхон хугацаанд давж гарч, ард иргэдээ ажилтай орлоготой, амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх явдал юм.
2016 оны эхний хагас жилийн байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 1.4 хувь болж бууран, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрч нэмэгдсэн. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016 оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий 18.0 хувьд хүрч, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан хязгаарыг давахаар байгаа бөгөөд ирэх жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна. Эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь болох, зарим тооцоогоор хасах руу ч орж мэдэх, эдийн засагт үнийн өсөлт биш дефляц бий болж байгаа талаар судалгааны байгууллагууд анхааруулж байна.
Өнгөрсөн 4 жилд төсвийн бодлогод өөрчлөлт оруулаагүй, банк санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг эхлүүлээгүй хугацаа алдсан нь гадаад, дотоод санхүүжилтийн хэрэгцээ, зээллэгийг улам нэмэгдүүлэх, гадаад өрийн хэмжээ өсөх, төсвийн тогтвортой байдал алдагдах, гадаад валютын албан нөөц шавхагдах, зээлийн чанар муудах зэрэг эрсдэлийг бий болгосон юм.
Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бодлогын өөрчлөлтийг яаралтай эхлүүлж, эдийн засгийг тогтворжуулах шаардлагын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоол гарсан билээ.
Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр макро эдийн засгийг тогтворжуулах, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэх юм.
Бодлогын томоохон арга хэмжээнүүдийг ийн авч хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 3.0 хувьд, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө гэж бид тооцож байна. Дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болохоор байна.
Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж, 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх хүрч өсөх зэрэг эерэг үр дүн энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр гарах юм.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бодит ажлын байр, бодит орлого бий болгох явдлыг чухалчлан үзсэн.
Улс орны эдийн засгийн ачааны гол хүндийг нуруундаа үүрч яваа цөөн тооны аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдээ тэтгэн дэмжих чиглэлд Засгийн газар хэд хэдэн тодорхой арга хэмжээ авч эхлээд байна. Тухайлбал, татварын өртэй 3993 аж ахуйн нэгжийн данс, мөн нийгмийн даатгалын өртэй 373 аж ахуйн дансыг нээж, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой онцлог салбарын татвар төлөгчдийг татварын хөнгөлөлтөд хамруулахаар боллоо.
Өндөр настан ахмадууддаа “Насны хишиг” олгохоор шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 122 мянган ахмадад жилд 100-500 хүртэл мянган төгрөг олгох, тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар, төсөвт дарамт учруулахгүйгээр бууруулах, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах зэрэг хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.
“Боловсролын зээлийн сан” байгуулж, “Сургалтын төлбөрийн зээл олгох журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталсан, 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор болсон, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч эхэлсэн зэргийг мөн дурдаж болно.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээ 80 ам метр хүртэл байсныг 100 ам метр хүртэл байхаар нэмэгдүүллээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний зэрэгцээ элэгний вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх шийдвэр гаргаж, элэгний С вирусийн эмчилгээний “Харвони” эмийн үнийг бууруулан, гемодиализын аппаратаар цус цэвэршүүлэх эмчилгээний төлбөрийг төрөөс 100 хувь хариуцахаар болсон зэрэг иргэд рүүгээ хандсан, эерэг үр дүнд хүрэхүйц ажил, арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлжээ.
Эрхэм нөхөд өө!
Одоо ирээдүй рүү, бодлого, зорилго, хийх ёстой ажил, зайлшгүй анхаарч санавал зохих хүчин зүйлүүд буюу улс орны болон намын амьдралд тулгамдаж байгаа асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулъя.
Улсын эдийн засаг хүнд нөхцөлд байна, нуух хэрэггүй. Өнгөрсөн 4 жилд засаг, төрийн эрхийг барьсан улс төрийн хүчний алдаатай бодлого өнөөгийн хямралт байдлын гол үндэс болсон. Энэ тухай бид үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Хэлж ч байгаа. Байн байн, хэтэрхий ил шууд хэлж байна гэж Ардчилсан Намынхан дургүйцэж байгаа. Одоо тэдэнтэй маргаж, мэтгэлцэхээ больё. Зөвхөн урагшаа харъя. Цаг алдаж, алгуурлан алмайрч огт болохгүй түүхэн мөч бидэнд тулгараад байна.
Унаж өеөдсөн эдийн засгаа өөд татан босгох, Монголынхоо нэр хүндийг олон улсын тавцанд сэргээх, байгаа боломж бүхнийг ашиглах, нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлтэй байх, эцэст нь иргэд олон түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх гарцаагүй тулгамдсан, нэн амаргүй энэ зорилт бол бидний хувьд энэ цаг үед тулгарсан нэг ёсны тулаан гэж хэлж болно. Гэхдээ ялагдаж болохгүй тулаан. Энэ тулаанд бид ялснаар Монгол ялах болно.
“Цаг алдаж байна, алгуур удаан байна” хэмээн Засгийн газрыг олон нийт шүүмжилж байна. Энэ бол бодитой шүүмжлэл мөн. Хөрөнгө мөнгө хомсодсон нь гар хүлээтэй мэт байдлыг бий болгож байгаа нь үнэн ч боломж, нөөцөө дээд зэргээр шавхан дайчлах ёстой. “Бурхан чамд хаалга онгойлгож өгөхгүй байсан ч цонх нь үргэлж нээлттэй байдаг” гэсэн мэргэн үг байдгийг санацгаая.
Томоохон төсөл, хөтөлбөрүүд гацсаар удлаа. Хэзээ, хэрхэн эргэлт хөдөлгөөнд орох бол гэсэн ард түмний хүлээлтэд энэ Засгийн газар л хариу өгөх учиртай. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т зорилго чиглэлээ багтааснаар нэг хэсэг амар тайван сууна гэж бодохын хэрэггүй. Одоо хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэх ажлыг шат дараатай, алхам алхмаар, гэхдээ хурдацтай хийж эхлэх ёстой. Бидэнд нэг цаг, нэг өдөр бүр үнэ цэнэтэй байгааг санагтун.
Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжих цаг болсон гэдгийг зориуд цохон тэмдэглэе. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ард олноо, байгууллага, аж ахуйн нэгж бүрийг уриалан дуудаж, үлгэр жишээ үзүүлэгч нь Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг байх ёстой. Улсын Их Хурлын Тамгын газар орон тоогоо 10 хувиар хэмнэж, зардлаа багасгасан жишгийг төр, засгийн бүх байгууллагын түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Орон тоо, зардлаа хэмнэх ажлыг дороос биш дээрээс эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл төрийн жирийн албан хаагчийн цалин, орон тоог хасах биш, удирдлагын зардлаа эхлээд бууруул, дарга нарынхаа тоог цөөл, урсгал зардлаа боломжит төвшинд хүртэл хяна, багасга.
Улс төрийн сонгуулийн үр дүнгээр хийж байгаа албан тушаалын томилгоог дуусгаж, төр, засгийн байгууллагууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг тогтворжуулах ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аасаа эхлээд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж буй Засгийн газраа хүртэл, сум багаас эхлээд аймаг, нийслэлээ хүртэл бүх шатны төрийн байгууллагууд олуулаа болсныхоо хэргийг гаргамаар байна. Энэ бол олонхиороо хүч түрэх, цөөнхийн буюу бусдын үг шүүмжлэлээс ангид байх, эрх мэдэл хэрэгжүүлж байна хэмээн хяналтгүй дураар авирлах тухай асуудал биш, алдагдсан боломжийг эргүүлж авчир, буруу зөрүү, булхайтай бүхнийг зас, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээ, сахилга хариуцлагыг бүх төвшинд сайтар сахь гэсэн сонгогчдын захиа даалгавар, итгэл найдварыг биелүүлэх асуудал юм.
“Олдохоороо өлдөнө” гэж нэг үг бий. Ийм зам руу бид халтирч болохгүй. Бидний сонгуулиар олж авсан үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй үүрэг хариуцлага гэдгийг санагтун. Тиймээс энэ хуралдаанаар хууль тогтоох болон төлөөллийн байгууллагын, гүйцэтгэх засаглалын, улс төрийн намын болон нийгмийн хариуцлагын талаар нухацтай хэлэлцэхийг санал болгож байна.
Сүүлийн жилүүдэд ардчилал нэрийн дор дураараа аашлах, үүрэг хариуцлагатаа эзэн биш байх явдлыг өөгшүүлж, хариуцлага тооцох механизм эрс суларч, хариуцлагын тогтолцоо алдагдсаныг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай нам энэ буруу зуршлаас ангид байх ёстой.
Хариуцлага бидэнд, Монгол Улсад ус, агаар мэт нэн чухал байна. Бид хариуцлагатай байж чадах эсэхээс, хариуцлагаа хэрхэн ухамсарлан хэрэгжүүлэхээс улс орны хийгээд Монгол Ардын Намын ирээдүй шалтгаална. Ийм ч учраас хариуцлагын асуудлыг Бага хурлаараа зориуд онцлон хэлэлцэх гэж байгаа юм.
Нэг. Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хариуцлага
Юуны өмнө төлөөллийн байгууллага, түүний төлөөлөгчид, тэр дундаа эрх баригч олонхийн хариуцлагын тухай ярих ёстой гэж үзэж байна. Энд би парламентын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хариуцлагын талаар хөндөх гэсэн юм.
Аль ч улс төрийн хүчин олонхи болж чадаагүй парламентад бодлого тодорхойлж, хууль батлахын тулд хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх гэсээр гацаанд ордог, улмаар улс орны хөгжлийг урагш нь биш хойш нь уллан чангаадаг гашуун сургамжийг Та бүхэн бэлхнээ мэдэж байгаа. УИХ-ын 2-3 бүрэн эрхийн хугацаа дамнасан ч батлагдаагүй хуулийн төсөл, бодлогын шийдэл цөөнгүй хуримтлагдсан нь үүний жишээ. Иймд Монгол Ардын Нам тулгамдсан болон ирээдүйд нэн чухал тэдгээр асуудлыг нухацтай авч үзэж, тооцоо судалгаа хийж, ард түмэн, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, гарцаагүй зөв шийдлийг олж гаргах энэхүү түүхэн боломжийг алдах эрхгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх зэрэг асуудал энд хамаарна. Цаашилбал тогтвортой хөгжлийн суурийг тавих, газрын баялаг буюу ашигт малтмалын үнийн савлагааг даган унаж босож байдаг ганц буюу цөөн тулгуурт эдийн засгийн бүтцийг өөрчлөх хөтөлбөр, зорилт ч бас багтана.
Манай намаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд улс орны хөгжлийн асуудалд өөрийн мэргэшсэн чиглэлээр идэвхийлэн оролцож, хамтын оюун ухаанаар бодлогын шийдэл гаргахад хүчин чармайлт тавих хэрэгтэй бөгөөд зоргоороо ярьдаг, дуртайгаа хийдэг, хувь улстөрчийн ганцаарчилсан тоглолтод цаг заваа илүү зарцуулдаг байж таарахгүй.
Үүнийг л эрх баригч намын парламент дахь гишүүдийн хариуцлага гэж ойлгож байна. Тэдний төрийн бодлогыг зөв тодорхойлж, гаргасан бодлогоо ягштал хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд нь хяналт тавьж чадаж байвал парламент хариуцлагаа үүрч чадаж байна гэж бас дүгнэх учиртай. Энэ хоёр зарчмыг ягштал баримталж, хууль тогтоох байгууллагын чадавхийг бүрэн дүүрэн дайчлах нь бидний үүрэг мөн.
Дээр дурдсан бүхэн манай намаас нэр дэвшиж, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи болсон төлөөлөгчдөд нэгэн адил хамаарна.
Тодруулж хэлбэл, УИХ-аас тодорхойлсон төрийн нэгдмэл бодлогын хүрээнд орон нутгийн онцлог, иргэдийн өвөрмөц ашиг сонирхлыг тусгасан зөв шийдвэрийг цаг алдалгүй шуурхай гаргах, орон нутгийн хурлын байнгын шинжийг хадгалах, иргэддээ ямагт ойр байж, тэдний үгийг сонсож, аж амьдралыг нь мэдэрч, эрх хэмжээндээ хамаарах асуудлыг оновчтой, шинэлэг байдлаар дэвшүүлэн шийдвэрлэхэд онцлон анхаарах нь зүйтэй.
Нутгийн удирдлагын байгууллагууд гүйцэтгэх засаглалынхаа жийрэг, хавсарга мэт байж таарахгүй. Ийм байхгүй гээд бас өрсөлдөн тэрсэлдэгч болох учиргүй. Гүйцэтгэх засаглалынхаа зөв бодлого, шийдвэрийг дэмжиж, хяналт тавьж, хамтран зүтгэж байж төлөөллийн зохист үүргийг ханган, олон түмний итгэлийг хариулж чадна. Үүнийг би орон нутгийн төлөөллийн байгууллагын хариуцлага гэж ойлгож, ийм байхыг Та бүхнээс шаардах болно.
“Ардчилал бол хүмүүсийнх, хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал мөн” гэсэн Авраам Линкольний үг байдаг. Төлөөллийн ардчилал гэдгийн мөн чанар нь чухамхүү иргэдийнхээ төлөөх засаглал байхад л оршдог билээ.
Хоёр. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлага
Ардчилсан нийгэмд Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой, нээлттэй байж, мэргэшсэн түвшинд хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигддаг.
Манай нам мэргэжлийн Засгийн газар байгуулж, нийгэм эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах амлалтыг ард түмэндээ өгсөн. Ард иргэд Засгийн газраас аливаа асуудалд мэргэжлийн түвшинд хандаж, шуурхай ажиллахыг хүсч, хүлээж байгаа. Энэ хүсэлт, хүлээлтэд бид нийцэж чадаж байна уу гэдгээ сайтар тунгаан бодож, өөрөө өөртөө өдөр бүр шаардлага, хяналт тавих ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улс төрийн дэмжлэг үзүүлэх нэн таатай боломж УИХ-д бүрдсэнийг алдаж болохгүй.
Засгийн газрын үйл ажиллагаа алхам бүрдээ хариуцлагатай байж, Монгол Ардын Намын сонгуулийн амлалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх чиглэлээр санаачилгатай үр дүнтэй ажиллах цаг болсон. Өмнөх Засгийн газраас илүү эрч хүчтэй, шинэлэг, зоримог, зөв бодлоготой ажиллаж байж иргэдийнхээ итгэлд эзэн болно. Засгийн газрын байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажпын үр дүн нь ард иргэдийн амьжиргаа хэр дээшлэв, нийгмийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэв гэдгээр юуны түрүүнд хэмжигдэнэ гэдгийг байнга санаж байх хэрэгтэй байна.
Засгийн газарт болон Засгийн газрын танхимын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ үүрэг хариуцлагад нь байнгын хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим баримтлах нь Монгол Ардын Намын бодлого байх болно.
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцсан салбар, нутаг дэвсгэртээ төрийн хууль, тогтоомж, төр засгийн болон намын бодлого, шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хагас, бүтэн жилээр тооцож ажиллах нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Төрийн алба цомхон, чадварлаг, тогтвортой, мэргэшсэн байх нь манай намаас баримтлах зарчмын чухал асуудал байх болно. Сүүлийн жилүүдэд Засгийн газар солигдох бүрд төрийн албанд өөрчлөлт орж, төрийн төлөө тогтвортой зүтгэх албан хаагчдын итгэл үнэмшил алдагдсаар байна.
Манай нам эрх барьж байх үедээ энэ гажуудлыг засч, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн, төрийн албан хаагчдыг сургах, чадавхийг сайжруулах, төрийн албаны мерит (чадахуйн) зарчимд суурилсан тогтолцоонд бүрэн утгаар шилжих, тэдний ажпыг үнэлж дүгнэх олон улсын нийтлэг жишиг, стандартад нийцсэн дүрэм, журмыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээ авах болно.
Бүх шатанд төрийн хууль, тогтоомжийг ягштал биелүүлдэг байх нь чухал.
Батлагдсан хуулийг хэрэгжүүлж эхлээгүй байж шүүмжилдэг, хэрэгжилтийг нь сулруулдаг байдал Засгийн газрын байгууллагуудад байж болохгүй. Хууль хэрэгжүүлэх нөхцөл бололцоог нарийн тооцож боловсруулдаг байх, батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авч байх нь төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага байх болно.
Намын нэрээр төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд хууль биелүүлэх, төрийн албыг чадварлаг, мэргэшсэн байлгах, салбар, байгууллага бүрийн өмнө тавигдсан үүрэг зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд намын Удирдах зөвлөлөөс үнэлэлт өгч, ажил үүргээ биелүүлээгүй, намын нэр хүндийг сэвтээсэн, төрийн хүний ёс зүйгээ умартсан, авлига, хууль бус аливаа үйлдэлд нэр холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлагыг цаг алдалгүй тооцож ажиллах нь чухал байна.
Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Нам үнэмлэхүй олонхи болсон өнөөгийн нөхцөлд хариуцлагатай засаглалын жинхэнэ өнгө төрхийг манай намын Засгийн газар, Засаг дарга нар бий болгох ёстой гэдгийг цохон тэмдэглэж байна.
Гурав. Төсөв, санхүүгийн хариуцлага
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нөхцөлд төсөв, санхүүгийн хариуцлагын асуудлыг онцлон авч ярихаас өөр аргагүй. Макро эдийн засаг, санхүүгийн салбарт төлбөрийн тэнцэл алдагдалтай, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан нь санхүүгийн тогтворгүй байдлыг даамжруулах, эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх, өрхийн амьжиргааны түвшин үргэлжлэн муудах, бодит секторын өсөлт саарснаар зээлийн чанар муудах, энэ нь эргээд бодит секторын уналтыг нэмэгдүүлж, хямрал руу шилжих, экспортын түүхий эд, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх, экспортын эрэлт багасах зэрэг эрсдэл үүсэх магадлалыг өндөр болгож байна.
Бид өндөр хариуцлагатай, чанд сахилга баттай төсөв, санхүүгийн бодлого хэрэгжүүлж байж л ард иргэдийнхээ амьдрал, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг хамгаалан дэмжиж, улсынхаа эдийн засгийг өөд нь татаж чадна.
Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн зарлага ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, улсын нэгдсэн төсвийн ДНБ-д эзлэх алдагдал огцом өссөн байна.
Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолд “Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд төсөвт тусгагдаагүй зардлыг санхүүжүүлэх эрх олгосон болон санхүүжилт хийсэн төсвийн өрөнхийлөн захирагч, бусад этгээдэд аудит, хууль хяналтын байгууллагын холбогдох шийдвэрийн дагуу хариуцлага тооцох”-оор заасан билээ.
Бид эрх баригч намын хувьд төрийн зохих бүтцээр дамжуулан төсөв, санхүүгийн хувьд алдаа гаргасан хүмүүстэй хариуцлага тооцож, ирээдүйд бий болох төсөв, санхүүгийн хүндрэл, эрсдэлийг бууруулах, улмаар тогтворжуулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах болно.
Бүх шатны төрийн байгууллагууд төсвийн хэмнэлт, сахилга батыг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол, шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг чанд хангах зохистой, үр нөлөө бүхий тогтолцоог бий болгох цаг болжээ.
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой ч ашиггүй ажилладаг, ихээхэн хэмжээний үрэлгэн аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн нийлүүлэх, татан буулгах, өөрчлөн байгуулах арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай байна. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг нийтэд нээлттэй, ил тод хэлбэрээр хувьчлах нь зүйтэй гэж үзэж байна.
Дөрөв. Улс төрийн намын хариуцлага
Энд улс төрийн намын, түүний дотор Монгол Ардын Намынхаа хариуцлагын талаар хэдэн зүйл хэлье.
Мэдээж эрх барьж байгаа нөхцөлд Монгол Ардын Намын хариуцлагыг намаас томилогдож, сонгогдсон төрийн болон улс төрийн ажилтнууд хүлээх ёстой. Бид дараа дараагийн бүх шатны улс төрийн сонгуулиудад “Монгол Ардын Нам” гэсэн хаягаар оролцохоо хэзээ ч мартаж болохгүй. Тийм учраас Монгол Ардын Нам эрх баригч боллоо гээд төрд уусаж, хүч нь сулрах учиргүй.
Үүний тулд бид юу хийх, яаж ажиллах ёстой вэ?
Манай намын үзэл суртлын баримтлалыг боловсруулж, бүх нийтийн хүртээл болгох нь намын нийгмийн өмнө хүлээсэн томоохон хариуцлага гэж үзэж байна. Намын аппарат хүчтэй байх нь намын бодлогыг зөв тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалттай болгох, намын үзэл суртлын ажлыг системтэй явуулахад хамгийн чухал зүйл мөн. Тийм учраас намын аппаратаа байнгын хүчтэй, зохион байгуулалттай болгох хэрэгтэй байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд намын Ерөнхий нарийн бичгийн дарга онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээнүүдийг нэн даруй төлөвлөн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх ажилдаа орох хэрэгтэй.
Эх орондоо иргэн түмнийхээ итгэлийг олон арван жилээр хүлээж, засгийн эрхийг барьж байгаа манай намтай үзэл баримтлал ижил улс төрийн хүчин олон байна. Тэдгээр намуудыг улс төрийн хувьд тулхтай, үйл ажиллагаа нь тогтвортой, нэгдсэн зохион байгуулалттай улс төрийн хүчин гэдэг талаас нь хүлээн зөвшөөрч байж, сая сонгогчид нь итгэл хүлээлгэж байна. Энэ нь “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг монгол зарчим тэнд ч бас адил хэрэгжиж байна гэсэн үг юм.
Намаа төвхнүүлж чадахгүй байж, төрийг төвхнүүлэх гээд бүтэлгүйтэж буй зарим улс төрийн хүчний жишгээс бид ангид байх учиртай.
Төрд ажиллаж байгаа улс төрийн зүтгэлтнүүдийн төрийн ажил үүргээс гаднах хоёр дахь чухал үүрэг бол намын нэр хүндийг байнга өргөж байх явдал юм. Улсын Их Хурлын 65 гишүүнээс эхлээд Засгийн газрын бүх гишүүд, дэд сайд нар, бүх түвшний Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга нар намын ажлын тодорхой үүргийг өөртөө хүлээх ёстой. Та бүхэн намаас үүрэг даалгавар өгөхийг хүлээлгүйгээр өөрсдөө санаачлан үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргаж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын зохих түвшний дарга нарт амлалтаа бичгээр гаргаж өгч, улмаар амласан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой гэж бодож байна.
Манай намын төв аппарат хүчтэй байх шаардлагатай байна. Тухайлбал, Дэлхийн эрх баригч намуудын жишгээр улс төрийн бодлогын судалгааны хүчтэй бүтэцтэй, түүндээ ажилладаг шилдэг боловсон хүчинтэй болох цаг ирсэн. Ийм бодлогын судалгааны төв намыг ямар ч нөхцөлд зөв замаас нь хазайлгахгүй байх ерөндөг нь болно. Энэ төв Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хянаж суух байгууллага биш, эх орныхоо хөгжлийн ирээдүйг зөв төсөөлж, ард түмнийхээ аж амьдралыг илүү сайн сайхан болгох бодлого боловсруулан дэвшүүлдэг манай намын оюун ухааны уураг тархи байх юм. Бид туршлагаар бялхам ахмад үеийнхэн, шинэ мэдлэг боловсролоор халгим залуу үеийнхнийхээ оюуны чадамжийг ашиглан, эх орныхоо төлөө цохилох зүрх сэтгэлийг нь нэгтгэн ийм байгууллага байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Сонгуулийн маргаашаас гишүүдээ мартдаг талаар манай намын жирийн гишүүд байнга хэлж, ярьж байдаг. Бид энэ шүүмжлэлийг хүлээн авч, засч залруулах ёстой. Манай намын бүх шатны байгууллагууд, тэдгээрийн удирдах ажилтнууд, намаас төрд сонгогдож томилогдсон хүн бүр жирийн гишүүд дэмжигчдээсээ амьд холбоогоо таслах ёсгүй.
Жирийн гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, тэдний шүүмжлэлийг хүлээн авч, үйл ажиллагааныхаа алдаа дутагдлыг соргогоор харж, засч залруулах чадвартай байхын тулд сард нэг удаа намын гишүүдтэйгээ уулзан учирч, тэдний санаа сэтгэлийг зовоож буй асуудлаар хэлэлцүүлэг хийж, бас харилцан ойлголцож байх нь зүйтэй гэж бодож байна. Манай нам ард түмэнтэйгээ байнгын амьд холбоотой байхын нэг чухал сэжүүр нь намын гишүүдтэйгээ ойрхон байх явдал гэдгийг сайтар ухаарч, ойлгоорой гэж үүнийг та нарт хэлж байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын төв аппаратын ажилтнууд, судалгааны төвийн ажилтнууд хамтран дараа дараагийн сонгуульд бэлтгэх ”Замын зураг”-ийг одооноос гаргах хэрэгтэй. Үүнд намын жирийн гишүүд гол тулгуур хүч болно гэдгийг анхаарвал зохино.
Тав. Нийгмийн хариуцлага
Хариуцлагатай засаглал, хариуцлагатай эдийн засаг, хариуцлагатай намын анхдагч нөхцөл нь хариуцлагатай нийгэм мөн. Тиймээс иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хариуцлагын тухай товч хөндмөөр байна. Энэ талаар цөөнгүй ярьж, багагүй бичдэг ч хариуцлагын эрэмбэд хойгуур буюу хоёрдогч, гуравдагч асуудал мэтээр үздэг үзэл бодол түгээмэл байна.
Энэ хүрээнд би иргэн бүрийн төрийн хуулийг сахин биелүүлэх хариуцлага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн хуулийг дээдэлж, хэрэгжүүлж ажиллах хариуцлагыг онцолж байгаа юм.
Нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд манай намын гишүүдийн манлайлал нэн чухал. Иргэд олон нийтийн зөв зүйтэй, нийгэмд ашигтай санал санаачилгыг ажил хэрэг болгох нь төрийн бүх түвшинд ажиллаж байгаа манай намын боловсон хүчний үүрэг хариуцлага мөн.
Энэ нь манай нам олон түмний хүлээлтийг биелүүлж, дахин итгэл даасаар байх нэг чухал сэжим гэдгийг дор бүрнээ анхааръя.
Намын Бага хурлын эрхэм гишүүд ээ!
Бүхэлд нь дүгнэж хэлбэл, нийгмийн амьдралын бүх хүрээнд, төрийн удирдлагын бүх түвшинд хариуцлагын асуудлыг онцгойлон авч үзэхээс өөр чухал сонголт бидэнд үгүй ээ. Хариуцлага гэдэг нь зөвхөн яллана, шийтгэнэ гэсэн үг биш, харин эрх үүргээ зөв ухамсарлаж, өөрийнхөө төлөө, хамт олныхоо өмнө, нийгмийнхээ тусын тулд хариуцлага хүлээж, ачаа даах чадвартай байх тухай асуудал юм.
Хариуцлагын тухай ийм үзэл санаа нь Монгол Ардын Намын нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай бүрнээ нийцэж байгаа бөгөөд манай намын гишүүд, дэмжигчид бүх талаар хариуцлагатай байх үйл хэрэгт манлайлж, үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байна. Үүний тулд дараах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхийг Намын даргын хувьд чиглэл болгож байна. Үүнд:
1. Монгол Ардын Намаас нэр дэвшиж сонгогдсон улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, бүх шатны Засаг дарга, тэдгээрийн оролцогчидтой “Хариуцлагын гэрээ” байгуулах, ингэхдээ тухайн албан тушаалтны хүлээх үүрэг, ёс зүйн хэм хэмжээний шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгаж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан байхыг намын Удирдах зөвлөлд даалгах;
2. Намын бүх шатны байгууллагыг идэвхжүүлж, намын сонгуульт ажилтны цалин хөлс, нийгмийн асуудлыг тусгайлан судалж, зохих санал боловсруулан шийдвэрлүүлэх;
3. Намын бодлогын судалгааны чадавхийг нэмэгдүүлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн судалгааг цаг алдалгүй эхлүүлэх;
4. Намын үзэл суртлын ажпыг тасралтгүй зохион байгуулах, эх оронч үзэл, хамтач суртахуун, тусгаар тогтнолын төлөөх гишүүд дэмжигчид, иргэн бүрийн хариуцлагыг ухамсарлуулах, цогц, үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлэх;
5. Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх тогтолцоог бүрдүүлэх, төрийн албанд ажиллах боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, сургах асуудлыг судалж боловсруулах, нөөц бүрдүүлэх;
6. Нийгмийн сэтгэлзүй, иргэдийн намд итгэх итгэл, мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтын хэрэгжилтэд үнэлгээ өгөх, судалгааг тодорхой давтамжтай явуулж, бодлогын зөвлөмж гаргах механизмыг тогтоох;
Эдгээр ажлын үр дүнг жил бүр дүгнэж, Намын Бага хуралд танилцуулж байхыг Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн ажлын албанд үүрэг болгож байна.
Эрхэм журмын нөхөд өө!
Монгол Ардын Нам улс орныхоо, ард түмнийхээ өмнө хүлээсэн түүхэн хариуцлагаа гүнээ ухамсарлаж байна.
Монгол Ардын Нам эдийн засгийн хямралыг даван туулж, эх орноо хөгжлийн шинэ өндөрлөгт хүргэж чадна .
Бид хариуцлагатай засаглалыг тогтоож, Монголын ард түмнийг манлайлан, хууль хэрэгждэг, ёс зүйтэй нийгмийг цогцлоох болно.
Түмний итгэлийг зүтгэлээр хариулж,
Түүхэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлцгээе.
2016 оны 12 сарын 12
Homo sapiens хэмээх ухаант хүмүүн нь үүссэн цагаасаа хойш эргэн тойрныхоо юмс, үзэгдлийг дүрсээр илэрхийлж, үл ойлгогдох учир битүүлэг үзэгдлийг тэмдгээр дүрсэлж, учир утгыг тийнхүү дүрсээр тайлах гэж оролдож байжээ гэлтэй. Энэ нь хадны зургаас тод харагдана. Хадны зураг дотроос эрдэмтдийн овог аймгийн тамга гэж нэрлэж байгаа дүрсүүд бүр тодорхой жишээ болно. Тамгануудын утга ихэд балархайшиж, дээр үеийн хүмүүс эдгээрээр юу бэлгэдэж байж вэ гэдгийг өдгөө бид зөвхөн таах гэж оролдож байна. Эдгээрээс ихээхэн нууцлаг нь хас, түүний бэлгэдэл юм.
Улаан зосон хас буюу
Монгол нутгаас олдсон хамгийн эртний хас
“Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөр Монголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн ….хээтэй вааран сав олдсон…Энэ хээтэй вааран савыг манай орны Улаанхад хотын Аухан хошууны Ши Пин шан уулнаас уудлан гаргасан…” гэж өвөр монгол судлаач Солонгууд Б.Буян /Эртний зоосон дээрэх наран шүтлэгэт зургийн тухай/ бичсэнийг хальт уншихдаа Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байна гэж ихэд олзуурахсансан. Судлаач маань тэр нь ямар овог аймаг болохыг мэдсэнгүй ч, хятад маягаар цөөн тоот үндэстэн гэсэн нь ч, тэр ваар хаанаас гаралтайг дурдаагүй нь ч хамаагүй л дээ. Гагцхүү судлаачийнхаар бол хүн төрөлхтөн чулуугаар оролдон эхэлж байсан тэр үед Монгол нутагт ваар шатаадаг хөгжлийн нэлээн дээд шатанд гарсан овог аймаг байсан болж таарч байгаа нь үнэндээ хачирхалтай болж ирэв. Шинэ чулуун зэвсэгийн үе гээд байдаг, тэгсэн мөртлөө 4500 жил гээд байдаг! Цаг хугацааны хувьд бүр олигоо алдав. Чулуун зэвсгийн үе нь 2 сая жилийн өмнөөс 6000 жил хүртэл үргэлжилсэн. Шинэ чулуун зэвсэг гэхээр 2 сая жилийн өмнөх юм болох гээд байдаг. 4500 жил гэхээр Хүрэлийн үерүү давхиад орчих гээд байдаг. Гэвч нэг тийм ваар олдох нь олдож. Нийтлүүлсэн зургаас үзвэл энэ нь нар буруу эргэсэн, чингэхдээ үзүүрийг давхар эргүүлсэн хасбайна /Зураг 1/. Тэгтэл хас судлаач М. Энхпүрэвын “Монгол хасын эх орон” номноос “…Доктор Д. Цэвээндорж Увс аймгийн Зүүн хангай сумын нутаг Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадны дундаас эртний хүмүүсийн 7000 жилийн өмнө улаан зосоор зурж үлдээсэн хас тэмдгийг нээн илрүүлжээ” гэж бичснийг олж үзэв. 7000 жилийн өмнө…Энэ нь харин Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байлаа. Дархан хотын орчмоос морин толгойг нар буруу эргүүлэн сийлсэн хас бүхий буган хөшөө олдож. Буган чулуун хөшөөг Хуучин чулуун зэвсгийн төгсгөл, Хүрэлийн үерүү эрдэмтэд хамааруулж байгаа. Чингэхлээр энэ буган чулуун хөшөөн дээр байгаа хас нь 6000-аас 5000 жилийн өмнөхийн юм болж таарч байх шиг.
“Свастика” буюу
энэтхэгчүүдээс хас үүссэн гэнэ
Эртний энэтхэгчүүд хоёр гараа энгэртээ зөрүүлэн мэнд усаа мэдэлцдэг аж. Энэ мэндлэх заншлаас хас үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүдийн свастика/svastika/ гэж нэрлэдэг хас нь зөрүүлсэн хоёр гарын дүрс юм байна. Хас нь тэрхүү свастика гэдэг нэрээр дэлхийд тархжээ. Гэтэл Монголд түүнийг хас гэнэ. Свастика нэрийг монголчууд зээлдсэнгүй. 7000 жилийн өмнө хас дүрслэж байсан монголын дээдэс үлийгээ хийж гаднын үгийг авах билээ. Харин 7000 жилийн тэртээд энэтхэгчүүд гараа цээжиндээ зөрүүлж мэндэлдэг байсан болов уу?
Свастика гэдэг нь самигардиар сайн сайхан, оршихуй гэсэн хоёр язгуураас бүтжээ. Иймээс сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал гэсэн утга илтгэдэг аж.
“Хаос бол хас мөн” буюу
манай мэргэд хасын тухай юу айлддаг вэ?
Хасын судалгааны салхийг хагалсан хүн бол Ч. Эрдэнэ гэж бодож байна. Тэрвээр “Их гурвалжин” номдоо “Хас нь угтаа ертөнцийн томъёо, тэр тусмаа орчлонг үүтгэгч хосмол, нэгдмэл ерөнхий/универсиум/ язгуур зарчмын загвар юм… Орчин цагийн шинжлэх ухааны гол объектын нэг нь хаос төлөв бөгөөд учир нь энэ хуйларсан замбараагүй төлөв хэрхэн хар аяндаа зохион байгуулагдах процесс, зүй тогтол нь нэн сонин байгаа юм. Тиймээс Хас маань матеийн өөрөө эмхлэгдэн зохион байгуулагдах зүй тогтлын томъёолол эцэстээ мөн” гээд “Хаос бол Хас мөн гэсэн гаргалгаа хийжээ. Гэхдээ чухам яагаад? гэдэг үндэслэлийг үнэмшилтэй гаргасангүй юу даа гэж бодмоор. Хасын судалгааруу ханцуй шамлан орсон хоёрдох хүн бол М.Энхпүрэв юм. Тэрвээр “Мөнх тэнгэрийн хасбуу”, “Монгол хасны эх орон” гэсэн хоёр ч ном бичжээ. Түүний “Монгол хасны эх орон” номдоо бичсэн нь: “Миний бие …хаадын итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн дээд идеал болсон мөнх тэнгэр нь Монгол угсаатны гүн ухаан, онол сэтгэлгээний цогц мэдлэгт үндэслэгдсэн гэдгийг товчоолон гаргахыг зорьсон болно…Энэхүү идеалист гүн ухааны мөнх тэнгэрийн санаа зориг хэмээх ойлголтыг нар зөв эргэлттэй хас, мөнх тэнгэрийн ивээлийг нарны эсрэг хөдөлгөөнтэй хас дүрсээр төлөөлүүлэн бэлгэдэж байсныг хэдэн жилийн харьцуулсан судалгаагаараа гаргаж тавьсан болно” гэжээ. Гэтэл энэ санаагаа ягштал батласангүй юу даа гэмээр. Гэхдээ өөр бичсэн өгүүллүүддээ гаргасан, түүнийг нь молхи би уншаагүй байж болно л доо. Бас Өвөр Монголын судлаач Буян дээр дурдсан өгүүлэлдээ бичихдээ: “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөр Монголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн хас хээтэй вааран сав олдсон нь тухайн үе дэх нарыг шүтэж байсан гэдгийн тусгал байжээ” гэж шув шулуухан дүгнээд “Нарны гэрлийг эрт дээр үед хас хээ зургаар илтгэж байсан гэдэг маань найдвартай болно” гэж их л итгэл төгс өгүүлээд, харин “яагаад?” гэдгийг батласангүй.
“Зүрхний тамга” буюу
хасын тухай гаднын мэргэдийн айлдсан нь
Үнэндээ гадаадын мэргэний бичсэн бие даасан өгүүлэл олж үзэж чадсангүй. Гэхдээ хоёр гурван нэвтэрхий толь шүүрдсэнээс хамгийн сонин тайлбартай нь орос В.Андреева, В.Куклев, А. Ровнер нарын найруулсан “Энциклопедия символов, знаков, эмблем” байлаа. Энд нэлээд хэдэн тайлбар оруулжээ. Эдгээрээс онц сонирхолтой ганц хоёр тайлбарыг орчуулан сийрүүлсү. “Эртний нарны тэмдэг хамгийн балар үеийн тэмдэг бөгөөд нүдээр харахад Дэлхийг Нар тойрон эргэж байгаа хийгээд жил дөрвөн улиралд хуваагдаж байгааг зааж байгаа юм. Нарны жилийн хөдөлгөөн ба өвөл зуны хоёр тэнцэтгэл өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн ертөнцийн дөрвөн зүгийн утгыг илэрхийлж байгаа болно…Нар зөв эргэлттэй хас нь материйг эрхшээх, материйг жолоодох/ёогт биеэ хөдөлгөөнгүй барьдаг шиг/-ын тэмдэг юм. Нар буруу эргэлттэй хас нь биеийн болон зөн билгийн хүч суларч, дээд хүч нэвтрэхэд саад учирч байгааг илтгэдэг. Энэ чиглэлийн хөдөлгөөний үед механик, газрын талыг эрхэм болгодог гэжээ.”
Энэ нь бас эзотерик буддизмын тэмдэг бөгөөд энэ үүднээс “Зүрхний тамга” гэж нэрлэгддэг аж. Бурхан багшийн зүрхэн дээр хасыг дарсан учраас тэгэж нэрлэдэг гэж домогт өгүүлжээ./Мөн тэнд/
Түмэн наст хээ буюу
Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр монголчууд гишгэлээ гэж үү?
Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол монголчууд дээр нь гишгэх үү? Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахи ж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан. Энэ нь Чингис хаан Гурван мэргэдэд хөөгдөж, Бурхан халдунд бүгээд, буухдаа “гараа өвчүүндээн мөөлдөж, наран зүг есөнтөө сөгдөж сацал, өчүүл өргөсөн”-өөр нутлагдана. Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт(тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхлэсэн бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд” гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарилигаа ингэж титэмлэсэн байдаг. Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарилгаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дүр. Аюутугай, биширтүгэй” гэжээ. Мөн монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, монголчууд ширдэгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхлээр бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм.
Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон. Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ?
Мөнх тэнгэрийн хөвгүүн буюу
тэнгэрийн бэлгэдэл юу вэ?
Нарны дүрс гэдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Бүүр балар цагт босгосон буган чулуун хөшөөний оройд сийлсэн нарны зураг үүний баталгаа мөн/Зураг 2/. Буган чулуун хөшөө гурван янз буйгаас нэг нь цулгуй, хоёр нь сийлбэртэй. Шувуун хошуутай буган хөшөөний оройд ч, монголчуудын бух шүтлэгтэй холбоотой бухтай хөшөө, зэр зэвсэгтэй/нум сум, чинжаал хутаг/ хөшөөний оройн аль алинд нь нар дүрсэлсэн байна. Эртний монгол, хөх түрэг угсаатан нарыг мөнх тэнгэрийн хөвгүүн гэж үздэг байсан/Безертинов/. Мөн буган хөшөөн дээр нар дүрсэлснийг хүний тэргүүн гэж үзэх археологчид бий. Алтан ордны улсын Тогтох хааны зэс зоосны ард наран дотор хүний нүүр дүрсэлсэн нь түүнийг баталж байж магадгүй. Энэ нь нарны хүнчилсэн дүрс байж болно.
“Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” буюу
хас эргэлдэж байгаа зүйлийг бэлгэддэг
Хас мөнхийн хөдөлгөөнийг зааж байгаа талаар судлаачид цөм санал нэг байна. “Хас тэмдгийг ямар ч хувилбараар зурсан, хөдөлгөөн, орчил эргэлтийг хүний санаанд буулгах увьдастай. Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” гэж Ч. Эрдэнэ бичсэн нь үнэхээрийн оносон дүгнэлт юм. Хас үнэхээр мөнхийн хөдөлгөөнийг илтгэж байдаг. Чингэхлээр хас эргэлдэж байгаа нэгэн зүйлийг бэлгэдэж байгаа нь тодорхой юм. Тэр эргэлдэж байгаа юм нь юу вэ? Дэлхий буюу эртний монголчуудын нэр томъёогоор бол Этүгэнэх гэж молхи би мунхаглаж байна. Хэдийгээр харьцангуй ойлголт гэж болох боловч Дэлхий тэнхлэгээ мөнх эргэж байдаг гэж хэлж болно. Иймд молхи би Хас бол Этүгэн эхийн бэлгэдэл гэж таамнаж байна.
Чингис хааны сүлд буюу
“Тэнгэр газраа хүч нэмэгдэж…”
“Монголын нууц товчоон”-д Тэмүжин Гурван мэргэдийг ялсны дараа Тоорил, Жамуха хоёрт “Эрхт тэнгэр нэрийдэж, Эх этүгэнээ хүргэж…” гэж хэлж байдаг. Мөн Хамаг Монголын хан болоод нөхөддөө “Тэнгэр газарт хүч нэмэгдэж игээгдвээс…” хэмээн бас өгүүлж байдаг. Ингэхлээр Чингис хаан Тэнгэр, Этүгэн эх гэсэн хос шүтээнтэй/dualism/ байсан нь тодорхой байна. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнгөрсөн зун Монголын хаадын зоос цуглуулагч, судлаач Б. Нямаагийн “Монгол улсын гүйлгээний мөнгөн тэмдэгт” гэсэн гайхамшигтай номыг олж үзсэн юм. 1227 онд Самаркандад дэлдсэн, ар талдаа Чингисхаан, Чингисийнмөнгөгэсэн араб бичээстэй, нүүрэн талдаа оройн хэсэгтээ, нуман тамганы дээд талд одоо бидний ширээтэй онги гэж нэрлэдэг тамга бүхий зоосны зургийг уул номонд тавьсан байлаа.
Тэр ширээтэй онгийг Чингис хааны сүлд нь энэ биш үү? хэмээн дуу алдав. Тийм ээ, энэ нь Чингис хааны буюу Их Монгол Улсын сүлд яах аргагүй мөн байх учиртай. Тэгээд бэлгэдлийг нь тайлах ухааны юм болов. Бидний “онги” гэж нэрлээд байгаа дугуй цагриг бол, мэдээж, нарны дүрс юм. Х. Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” бүтээлдээ онгин тамгыг наран тамга гэж нэрлэсэн нь түүнийг батлана. Энэ талаар маргах хүн ховор биз. Гэтэл бидний “ширээ” гэж нэрлээд байгаа тэр хайрлага, түүний чанх голд перпендикуляр буусан босоо хайрлага юу вэ, юуг бэлгэдэнэ вэ? Муугаа мэдэхгүй толгойгоо гашилгаж эхлэв. Их хааны дуализм л сэтгэлд буугаад байлаа. Тэр хайрлага Этүгэн эхийг бэлгэдэж байгаа юм биш биз? Гэхдээ яагаад хайрлага/зураас/ гэж? Нямаагийн номыг цааш нь ухлаа. Хариугаа олох шиг болов. Тэр хайрлага бол Хасын, чингэхдээ битүү хасын/+/ махбод/элемент/ байна гэж тархируу харвав. Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн зоосон дээр Бат хааны хөлтэй ширээ бүхий онгин тамга байна.
Мөнхтөмөр, Тодтөмөр, Тольбуга, Тогтох зэрэг хаадын тамганд ч Батын сүлд төдий лөөрчлөгдсөнгүй буюу баруун хөл, зүүн хөлний үзүүрт зэтэр нэмэгдснээс өөр онцын өөрчлөлтгүй явж байснаа Бэрхэ хааны тамга буюу сүлд нь цувгаа дөрвөлжинтэй онги болжээ/6/.
Чингэтэл Сарай хотод дэлдсэн гэх нэгэн зэс зоосон дээр тэрхүү цувгаа дөрвөлжин голтой нар буруу эргэсэн өлзий хэлбэртэй хас урлажээ.
Чингэхлээр Алтан ордны улсын сүлд нь нар буруу эргэсэн буюу билиг хас байжээ. Хэрэв Хас Этүгэн эхийн бэлгэдэл гэдэг миний таамаг үнэн бол нар буруу эргэлттэй буюу эм байх учиртай. Манай дэлхий ч тэнхлэгээ нар буруу эргэдэг шүү дээ. Ялдар дурдахад, Кашгарт дэлдүүлсэн, он нь үл мэдэгдэх зэс зоосны ар талд нар зөв эргэсэн хасдүрсэлсэн нь бий. Өвөр Монголын нэрт эрдэмтэн Сайшаал агсан “Чингис хааны товчоон” номдоо Говийн умардыг захирагч Гүнжийн тамганы дардасыг нийтэлжээ. Энэ тамганы голд Хас ина гэсэн үгийг монгол бичгээр сийлсэн байна. Энэхүү “ина” нь инь, янь буюу аргабилиг гэсэн үгийн инь буюу арга биш байгаа? Өөрөөр хэлбэл “арга хас” гэсэн үг биш биз? Яагаад ингэж бодов оо гэвэл нэгд, ина, инь хоёр үгийн бичлэг төстэйгээс, хоёрт, Чингис хаан Уйгарын Идагудад Ал-алтун бэхи охиноо өгөхдөө хэлсэн үгнээс ургуулсан болой. Чингис хаан охиндоо захихдаа: “Хатагтай хүн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргүүн, төр эр буй. Түүний хойно нэр эр буй. Түүний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ. Тэр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсхүү буй. Бэлэн нэр эрийг бэхлэвсээс авсан эр хол ангид, алс хэтэс хаана одох”/Лувсанданзан. Алтан товч/ гэжээ. Иймд төрийг арга гэж сэтгэж байсан юм биш үү. Тийм бол төрийг бэлгэдсэн тамга арга байх, төрийн тамгыг баригч нь билиг байх учиртай. Богд хааны зааны ясан хайрцагт нандигнан хадгалж байсан Чингисийн бөлзөгний хас хаашаа эргэлттэй байсныг Осендовский бичиж үлдээгээгүй нь юутай харамсалтай. Дашрамд хэлэхэд хааны сүлдний нарны дорхи одоо бидний ширээ гэж байгаа зураасыг зураас, ширээ гэж нэрлэж байгаагүй нь тодорхой. Нэг нэр томъёо байсан байж таарна. Магадгүй, эртний монгол үгсийг хадгалж үлдсэн буриад, урианхай, дөрвөд аялгуунд байж ч байж мэднэ дээ. Ямартай ч монголчууд бид хааныхаа сүлдийг морин эрднийнхээ гуяан дээр авч үлдсэн баяртай.
Хас дөрөө буюу
Хас дээр гишгэдгийн учир юу вэ?
Түмэн наст хээ нь Этүгэн эхийн мөнх оршихын бэлгэдэл юм. Ер нь бол түмэн наст хээ нь хязгааргүй үргэлжилдэг хээ. Өөрөөр хэлбэл, энэ хээг үргэлжлүүлэн зураад байвал дэлхийг ч бүтэн бүрж болно. Түмэн наст хээгээр ширдгээ ширдгээрээ тэр айл гэр хотлоороо урт наслаж, удаан жаргах, айл гэрийн эв зангиа бөх бат байхыг бэлгэддэг. Энэ хээн дээр гишгэж байгаа нь Этүгэн эх дээр бат гишгэхийн бэлгэдэл юм гэж молхи би мунхаглаж байгаа юм. Дөрөөний улыг хасаар чимэглэдэг нь монгол хүн дөрөөгөө бат жийж, эмээл дээрээ бат суухын бэлгэдэл мөн. Яваандаа хас нь бат бөхийн бэлгэдэл болон хувирсан байна. Үүнийг Хар хүрэм хотын туурьнаас гарч буй тоосгон дээр хас товойлгосон байгаа нь нутална. Өөрөөр хэлбэл, тэр ордон, харш, сүм нурахгүй, бөх бат байхын бэлгэдэл байх нь л дээ.
Сүлд нь овоо буюу хасарван гуравын тоотой холбогдох нь
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Сүлд нь хөх овоо гэж бий. Чингисийн цагаан сүлдийг тахиж байсан дагшин газар. Сүлд нь хөх овоо 13 овоотой. Голдоо сүмбэр овоо нь, дөрвөн талдаа дөрвөн тийшээ цацарсан дөрөв дөрвөн овоо. Өөрөөр хэлбэл битүү хасын хэлбэртэй. Ийм хэлбэртэй овоо гэвэл миний үзсэнээс Хэрлэн баян улаан уулын арван гурвын овоо юм. Энэ овоог Чингис богдын 27-ны сүүдэрт зориулж босгосон гэж домоглодог. Овоон хас дэлхийтэйгээ хамт нар буруу эргэж байдаг. Бид овоондоо мөргөхдөө нар зөв тойрдог. Энд арга билгийн нэгдэл болж байж мэднэ. Хас ийнхүү овоогоор дамжин арвангурвын тоотой холбогдож байж болзошгүй.
Хасбуу дөөрөө тодорсон хас гэсэн
утга байгаа юм биш биз?
Нэгэнт хасын тухай өгүүлсэн болохоор хасбуу тамганы талаар бодлоо хэлмээр санагдав. Гэхдээ урьд нь нэг сонин домог сийрүүлсү. Чингис хаан хас буу тамгаа Цагаадайд өгөхөд Өүлэн эх далдуур харамсаж, хасбуу тамгыг хөхөндөө дарж, дардсыг нь авч үлдэн, тэр дардсаар хийсэн тамгыг Өгээдэйд өгсөн гэнэ. Миний бие 2011 онд Өвөр Монголын Ордост явж байхдаа өвөрлөгч эрдэмтдээс хасбуу тамгыг сураглавал тэд “Лигдэн хааныг Хөх нуурын орчимд таалал барьсны дараагаар түүний хүү Эрххонгор Манжид Толийн цайдамд бууж өгөхдөө хасбуу тамгийг Манжийн хаанд өгсөн гэдэг яриа бий гэж тэд хариулсан. Тэгээд намайг Толийн цайдамд аваачиж уг газрыг үзүүлсэн. Үүнийг өгүүлэлгүйгээр домгийг үргэлжлүүлбэл, хасбуу тамгыг авсны учир Манжийн хаан хүчирхэг болсон гэнэ. Цагаадайд өгсөн тамга яаж яваад ч юм Оросын хааны гарт орж, улмаар Оросын цагаан хаан хэнд ч дийлдэхээ байсан гэнэ. Ийм нэгэн хачин нууцлаг домог урианхай нарын дунд яригддагийг сэтгүүлч Ш.Адьшаа түмэнд ил болгосон байсан.. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, “МНТ”-д хас гэсэн үг ганц ч байдаггүй. Харин “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” гэсэн сурвалж бичигт “Хас ордон”, “Хас их зарлиг”, “Эрдэнэт хас аяга” гэж гурав гарч байна. Хасбуу тамганы тухайд анх дурдагдаж байгаа нь, “Эрт төрөхүйд минь баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурханы зарлигаар учирвай.” Энэ зохиолыг судлаачид 1330 оноос өмнө зохиогдсон байх гэж таамагладаг аж. Ямартай ч Монголд бурханы шашин хүчтэй болж ирж байсан үед зохиогдсныг “хасбуу тамга бурханы зарлигаар учирвай” гэдэг өгүүлбэрээс мэдэж болно. Мөн хас гэдэг үг энд хийсвэр утгаар хоёр, бодот утгаар нэг гарч байна. Үүний дараагаар хасбуу тамганы тухай дурдсан хүн бол Саган сэцэн юм. Чингис хааны 22-р үеийн удам Саган цэцэн хунтайж “Эрдэнийн товч” бүтээлдээ хасбуу тамга бүтсэн тухай сонин домог оруулжээ. Сийрүүлсү. “…Тэмүжин хан хөвгүүн
хорин найман насандаа шарагчин тахиа жилээ Хэрлэн мөрний хөвөөнөө
Хөдөө аралаа хаан орноо
суухуйд тэр өдрөөс урьд гурван өглөөд, гэрийн өмнө нэгэн дөрвөлжин цагаан чулууны
дээр таван өнгөт болжмор мэт шувуу сууж, Чингис, Чингис хэмээн донгодсноор
дунд бүр дуурьсах нэр нь Суут богд Чингис хаан хэмээн хотол
зүгүүдэд алдаршчээ.
Тэнд тэр чулуун гэнэт бөгөөд өөсөөн хагарсан дотроос хасбуу нэрт хас тамга уртуулин ба
өргөн нь нэг төө, ард нь яст мэнэхийн дээр хоёр луу ороолдон агсан, жидэр нь сийлсэн
мэт горвилон бүхий гарвай” гэжээ.
Цагаан чулуун дээр таван өнгийн болжмор мэт шувуу донгодож байгаа нь энэтхэг домгийг санагдуулам. Яст мэлхийн дээр хоёр луу ороолдсон, үсэг нь сийлсэн мэт гэж байгаа нь хятадын ханз үсгийг яст мэлхийний хуягны хээг дуурайлган зохиосон гэдэг хятад домгийг санагдуулам. Гэвч эдгээрээс миний хамгийн сонирхсон нь цагаан чулуу өөрөө хагараад хасбуу тамга бүтэж байгаа явдал юм. Энэ нь соёмбу үсгийн үүссэн домгийг санагдуулаад байгаа юм. Соёмбу буюу Svayinbhy-г өөрөө тодорсон үсэг гэдэг. Самгарид хэлний бу(соёмбу, замбу) нь оршин буй, орон, дэлхий гэсэн утга заадаг аж. Бурханы шашины түүхийг бичсэн Саган сэцэн өөрөө тодорсон үсэг буюу соёмбу-г мэдэхгүй байх гэж үгүй. Учир иймд хасбуу-г өөрөө бүтсэн хас гэсэн утгатай болгох гэж эрмэлзсэн байж магадгүй юм аа. Ялдар сонирхуулахад, хасбуу тамга гарч ирсэн гэх домогт хад Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг.
Нутгийн ард тийш гаднын хүн авч очих дургүй юм билээ.
Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгыг тайлах гэсэн мөхс оролдлого, таамнал ийм болой. Гэхдээ энэ нь монголчуудын сэтгэлгээний үүднээс тайлах гэж оролдоход шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Сүлдийг мөнгө зоосон дээр тавьдаг уламжлал монголчуудаас эхтэй байж мэдэх юм шүү.