-
2018 оны 1 сарын 11
Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөртэй уулзаж Улаанбаатарын гол хүндрэлтэй асуудал болоод байгаа ядуурлыг бууруулах талаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд болон бас нэгэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал болох хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд сүрхий хүйтэрч байна. Улаанбаатарын утаа ч улам бүр өтгөрлөө. Сүүлийн үед улстөрчид Улаанбаатарын энэ их утааг ядууралтай холбож ярьж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Тийм ээ. Улаанбаатарын утаа бол зөвхөн хэдэн улстөрчид, дарга нарын асуудал биш энд амьдарч байгаа 1.3 сая хүний сэтгэлийг түгшээж, эрүүл мэнд амь насанд нь шууд заналхийлсэн ноцтой асуудал болчихлоо. Улам бүр өтгөрч, хортой болж байгаа утааг янз бүрээр л ярьж байна. Зарим улстөрчид ядууралтай холбон ярьж байна. Ядуурал бол улс орны нийт эдийн засгийн байдал, өрхийн амьжиргаа муудаж байгаатай л салшгүй холбоотой юм. Ажлын байргүй болж байгаа, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нь ядуурал нэмэгдэх үндсэн гол шалтгаан юм л даа. Өнөөдрийн энэ их ажилгүйдэл, түүнийг дагасан ядуурал бол дөнгөж өнгөрсөн жил юмуу хоёр гурван жилийн өмнөөс нүүрлэчихсэн асуудал биш шүү дээ. Өмнөх дөрвөн жил, за цаашлаад өнгөрсөн 27 жилээс алдаа дутагдлыг нь хайх ёстой. Өнөөдөр Монгол Улсын мөнгө санхүү дутагдалтай, хүнд байна. Үүнийг дагаад олон үйлдвэр, ажлын байрууд хаалгаа барьж ажилгүйдэл нэмэгдэж байна. Яг энэ шалтгаанаар ядуурал сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрээд байна. Уг нь хүмүүс өөрөө өөрсдөө сайн дураараа ядуураад байгаа юм биш л дээ. Ажилтай орлоготой байж гэмээнэ ядуурал буурах нь тодорхой. Гэтэл ажил олгогч нар нь хаалгаа бариад байгаа нь гол зовлон болж байна. Мэдээж ажилгүй хүн сэтгэл тэнэгэр сайхан амьдрана гэж байхгүй. Ажлын байр бол төрийн албаны хувьд тогтоогоод өгчихсөн хэмжээ, тоо нормтой. Төр хувийн хэвшилтэйгээ хамтраад ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд том том технологийн парк барих, нисэх буудал барина ч гэдэг юмуу чадлынхаа хэрээр зүтгээд байгаа хэрнээ мэдээж бүх хүнийг ажлын байраар хангаж чадахгүй шүү дээ. Энэ бүх шалтгаанаар ажлын байр ихээхэн хумигдаж, түүнийг дагасан ажилгүйдэл, ядуурал маш их байна.
-Хувийн хэвшлүүд хаалгаа барихтай зэрэгцэн төрийн яамд хумигдаж тоогоо цөөрүүлснээр бас л баахан ажилгүй хүмүүс бий болсон байх даа?
-Мэдээж Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яамуудыг нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгоод цомхотгохоор тодорхой хүмүүс цомхотголд орж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн л байж таарна. Өнгөрсөн хоёр жилд л гэхэд төрийн албанаас маш олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Тодорхой тоо хэлбэл биднийг ажил авч байсан 2016 онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.4 хувьтай байсан. Бид ямар зорилт дэвшүүлээд ажиллаж байна гэвэл 2020 онд энэ үзүүлэлтийг 60 хувьд хүргэх маш том зорилт тавиад ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэ тоо бол маш өндөр тоо гэдгийг дахин хэлье. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд жилдээ дор хаяж 30 мянган ажлын байр бий болгох шаардлагатай. Бид өнгөрсөн 2017 оныхоо ажлыг дүгнээд үзэхэд нийтдээ 16400 шинэ ажлын байр бий болгосон байна. Мөн нийтийг хамарсан түр ажлын байр гэхэд 8250 гээд нийтдээ 25 мянга гаруй ажлын байр бий болгосон байна. Цаашдаа энэ тоог тогтвортой өсгөж 30 мянгад барьж байж бидний зорилго хэрэгжинэ. Гэхдээ улс орны эдийн засаг сэргэж, хөрөнгө санхүүгийн бололцоо нэмэгдвэл дагаад ажлын байр олноор бий болох нь ойлгомжтой л доо. Гэхдээ энэ том зорилтыг ганцхан төрийн байгууллагууд шийдэх биш хувийн хэвшилтэйгээ хамтарч л хэрэгжүүлнэ. Дээр нь Үйлдвэрчний эвлэл гэж хүчирхэг байгууллагын оролцоо бас их чухал.
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Нэг өрх нэг ажлын байр” гэсэн зорилт байсан. Тэр юу болж байна?
-Тийм. Өнгөрсөн жил батлуулсан энэ дэд хөтөлбөр бол маш чухал зорилтот хөтөлбөр байгаа юм. Бидний зүгээс нийслэлийн 9 дүүргийнхээ хороо болгоны Засаг дарга нарт энэ талаар маш нарийн судалгаа гаргах үүрэг даалгавар өгсөн. Гайгүй сайн судалгаагаа ч хийсэн. Үүний ч үр дүнд өнгөрсөн жилийн хугацаанд 25 мянга гаруй хүнийг ажлын байраар хангасан байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 384 мянга гаруй өрх айл байгаа юм. Тэгээд бүр нарийвчлаад 240 мянган өрхөөс нэг өрхөд хэдэн хүн ажилгүй байна гэсэн тоо гаргаад үзэхээр тэдгээрийн 0.5 хувьд нэг өрхийн 5 хүн ажилгүй байгаа юм. Энэ нь нийтдээ 1120 орчим өрх айл болж байгаа юм. Харин нэг өрхөөс нэг хүн ажилгүй байгаа нь 37.6 хувь болж байгаа бөгөөд энэ нь нийтдээ 94 мянга орчим хүн болж байгаа юм. Энэ бол зөвхөн дээд доод хоёр хязгаар нь юм л даа. Мэдээж энэ дээр нэмэгдээд өчнөөн өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Их дээд сургууль төгсчихөөд ажилгүй байгаа өчнөөн залуучууд байна. Нарийн угшлыг нь хөөгөөд үзвэл гуравхан сая хүнтэй Монгол Улсад энэ олон их дээд сургууль хэрэгтэй ч юмуу, үгүй ч юмуу. Нэг хувийн дээд сургууль төгсөөд “Би мэргэжил эзэмшчихсэн хүн” гээд өөрийгөө бодоод байдаг. Гэтэл яг ажил дээр гарахаараа гологдоод эхэлдэг. Тэгээд удахгүй халагддаг. Яг энэ байдал өнөөдрийн ажилгүйдэл, ядууралд хамгийн гол нөлөө үзүүлж байна. Одоо бидний зүгээс судалгаа явуулж гаргаж авсан тоо баримтынхаа үндсэн дээр Улаанбаатарын хамгийн их ядуурал ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн тодорхой хороонуудын, тодорхой айл өрхийн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэг айлаас 5 хүн ажилгүй байгаа өрхүүдээс эхний ээлжинд ядаж нэг юмуу хоёр хүнийг нь ажилтай болгохоор ажиллаж эхлээд байна. Ядаж л эхний ээлжинд машины зогсоол дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ажилд оруулахаар холбогдох газруудтай нь яриа хэлцлүүд явагдаж байна. Гэхдээ бид энэ ажлаа маш нарийн судалгаан дээр тулгуурлаж явуулна. Яагаад гэвэл нэг айлын таван хүн ажилгүй байхад нэг айлын бүх хүн ажилд орчихож болно шүү дээ. Бид эхний ээлжинд үүнийг зохицуулна.
-Хоёр жилийн өмнө нь ч билүү дээ Сонгинохайрхан дүүрэгт Агропарк байгуулж нэлээн олон өрхийн олон хүнийг ногоо тарих ажлаар хангаж байсан. Тэр ажил юу болсон бэ?
-Тийм. Тэр ажил маш амжилттай үргэлжилж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дээр байгуулсан тэрхүү Агропаркийн ажилд нийтдээ 600 өрхийн төлөөллүүдийг аваачиж ногоо тариулсан юм. Тэнд тог цахилгаан, усыг нь хангаж өгч бүр ногооных нь үрийг ч өгснөөр өөрсдөө ч сайн ажиллаж их сайн ургац авсан. Мэргэжлийн хүмүүсээр ногоо тарих, арчлах бүх аргачлалыг нь зааж өгч, хүмүүсийг 20:20-оор нь баг болгон ажиллуулснаар намар их сайн ургац авсныг энэ жил ч үргэжлүүлэн явуулахаар бэлтгэл ажлыг нь хангуулж байгаа. Тэнд хүлэмж хүртэл барьсан. Тэгээд намар хурааж авсан ногоогоо зарна уу, өөрсдөө хэрэглэнэ үү тэр хүмүүсийн л сонирхол болохоор иргэд ч маш идэвхтэй оролцсон. Тэнд оролцсон хүмүүс 5 сарын хугацаанд 500 мянгаас нэг сая төгрөгийн ашиг олцгоосон байна лээ. Одоо тэнд ажилласан хүмүүсээс олон хүн, өрх айлууд “Бидэнд газар өгөөч, үр өгөөч ахиухан ногоо таримаар байна” гэж байнга асууж байгаа.
-Нийгэмд хамгийн их ажилгүй байгаа залуучуудын талаар ямар нэгдсэн цогц бодлого барьж, ямар ажлууд хийж байгаа вэ?
-Яг ид хийж бүтээх, хөдөлмөрийн насны маш олон залуучууд ажилгүй байгаа нь үнэн. Бид ч энэ чиглэлд “Start АF” гээд бизнесийн санаа өгөх, гарааны бизнес эрхлэх бүлэг болгож ажлыг нь эхлүүлэх чиглэлд ажлууд хийгдэж эхлээд байна. Сая Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 9 байгуууллагыг судлаад тэднээс 6-д нь 10 саяын зээл олгосон. Тэд тэрүүгээр бизнесийнхээ эхлэлийг тавих юм. Тэгээд ашигтай байвал зээлээ төлчихөөд цааш нь үргэлжлүүлээд өөрсдөө аваад явах болзолтойгоор “Start AF”-ыг дэмжиж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг болж л өгвөл дэмжиж ажиллана. Одоогоор дээрх хөтөлбөрт 9 байгууллагаас 6 нь тэнцэж гарааны мөнгөө аваад үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Харин үлдсэн 3 нь зээлээ төлөх, цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах найдлага муу нь мэдэгдсэн болохоор цуцлагдсан. Түүнээс гадна оюутны цагийн ажлын менежментийг бий болгохын тулд идэвхтэй ажиллаж байна. Яг одоо оюутны өвлийн амралт болж байгаа үед оюутны тогтвортой ажлын байрыг олноор бий болгох, хөдөлмөрийг нь шударгаар үнэлүүлэхийн тулд ажил олгогчидтой хэл амаа ололцох гээд ажил их байна. Ингэхийн тулд оюутнуудыг тогтвортой ажлын байраар хангадаг ажил олгогчдыг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжинэ. Татварын хөнгөлөлт эдлүүлэх, янз бүрийн урамшуулал үзүүлэх зэргээр дэмжихээр хууль эрх зүйн орчноо судалж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Энэ өвлийн хүйтэнд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээрээ юм оёх, зарим нэг нь уран дархны ажил хийх гээд янз бүрийн аргаар л боломжийн хэрээр орлогоо нэмэгдүүлж байна. Одоо хороонууд дээр яг энэ чиглэлээр дэмжлэг үзүүлдэг Хадгаламж зээлийн хоршоод бий болсон. Тэдгээр Хадгаламж зээлийн хоршоод нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 1.2 хувийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл өгч байгаа. Өрхүүдэд өгч байгаа энэ зээлийн систем хэрэгжээд 2 жил болж байна. Одоо бидний зүгээс энэ зээлийн гэрээг сунгаад үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн үед “100 сая төгрөгийн дүрмийн сантай Хадгаламж зээлийн хоршооны мөнгийг 20 гэр бүл хуваагаад авчихаад байна” гэсэн хэл ам гараад байгаа тул энэ зээлийн системийг цааш нь сунгаад ажиллуулахаар болж байгаа. Энэ зээлд хамрагдсан нэг гэр бүл 6 сараас 2 жилийн хугацаатайгаар 5 сая төгрөг аваад дараагийнх нь авах ёстой юм. Гэтэл энэ мөнгө сүүлдээ дутагдаад эхэлсэн. Тэгэхээр одоо бид Хадгаламж зээлийн хоршооны тоог нэмэх, мөнгөн дүнг нь өсгөх шаардлагатай болж байна. Жилийн 14 гаруй хувийн хүүтэй энэ зээлд хамрагдсан өрх гэр бүлүүд ноосон тавчиг, улавч өөр бусад олон зүйл урлан зарж борлуулаад тодорхой хуримтлал үүсгэж чадаж байгаа. Хийсэн эдлэлүүдийг нь бүр Швед, Норвеги гээд Скандиновын орнуудад хүртэл гаргаж борлуулдаг сүлжээ бий болсон гэж сонсогдсон. Бидний зүгээс дээрх 5 сая төгрөгийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, мөнгөн дүнг нь ч ахиулах санаатай байна.
-Сүүлийн үед хүүхэд хамгааллын асуудал бас нэлээн хурцаар тавигдах боллоо. Энд тэнд муухай харгис, хэрцгий хэрэг гарах боллоо. Та яг энэ асуудлыг хариуцсан хүний хувьд ямар бодлого барьж, юу хийж байна?
-Тийм. Энэ бол сэтгэл зовоосон их том асуудал. Хотын хэмжээнд “Хүүхэд хамгаалал, хөгжлийн Үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд зуны цагт хүүхдийн зуслангуудтай нэлээн сайн тулж ажиллаж байна. Одоогоор Улаанбаатарыг тойроод 24 орчим пионерийн зуслан үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн гол нь эдгээр зуслангийн ахуй нөхцөл, байр сав, багш ажилчдын бүрэлдэхүүн, хоол ундны амт чанар гээд байнга эргэж тойрч шалгаж судлах ажил их байдаг. Эдгээр зуслангууд бараг бүгд хувьд шилжчихсэн. Тэгэхээр тэд давын өмнө орлого хөөцөлдөх нь ойлгомжтой. Тэгэхээр ялангуяа хотын захын хорооллын амьдралын боломж муу айлын хүүхдүүд зусланд хамрагдаж чадаж байна уу, тэдгээр зуслангууд зун ямар программаар хүүхдүүдтэй ажиллаж байна, багш нарынх нь мэдлэг боловсрол өнөөгийн шаардлагыг хангаж чадаж байна уу гээд манай Хүүхэд залуучуудын газрынхан байнгын судалж, шалгаад ажилладаг. Энэ зунаас зуслангуудад тавих хяналт шалгалтыг нэлээн сайн явуулна гэж төлөвлөж байгаа. Ноднин бол багагүй зөрчил илэрч байсан.
Түүнээс гадна ер нь хүүхэд бүрийг хараа хяналттай байлгахын тулд одоо хороо болгон дээр Хамтарсан баг ажиллаж байгаа. Тэнд Хороон дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн ахлагч нар нэгдээд нэг баг болж ажиллаж багагүй үүрэг гүйцэтгэж эхлээд байна. Энэ жил бид Нийслэлийн цагдаагийн байгууллагатай хамтраад тэдэнд тусгай сургалт явуулсан. Одоо хороо, хэсэг бүр дээр ийм Хамтарсан баг ажиллаж байгаа болохоор ер нь л аль айлд хүүхэд хүчирхийлэлд өртөж байна, хаана хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй вэ гэдгийг мэддэг болсон. Энэ талд байдал хуучнаа бодвол нэлээн сайжирсан гэж хэлж болно. Мөн Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг даргын дэргэд Хүүхдийн салбар зөвлөлүүд ажиллаж байгаа. Мэдээж Монголын төр давын өмнө хүүхдүүдийнхээ төлөө анхаарал тавих ёстой. Хүүхэд хамгааллын чиглэлд энэ жил Нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ахлуулсан салбар дундын байнгын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Энд мөн миний бие ч хамрагддаг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 476 мянган 18 хүртэлх насны хүүхэд байна. Энэ нь Монгол Улсын энэ насны хүүхдийн 46 хувь нь болж байгаа юм. Энэ 46 мянган хүүхдийн 11500 нь хагас өнчин байгаа бол бүтэн өнчин хүүхэд 1520 байх жишээтэй. Эдгээрээс яг эцэг эхийн асрамжинд байдаг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 844 хүүхэд байна. Одоо Улаанбаатарт өрх толгойлсон эмэгтэй гэхэд л 20500 байгаа нь бас л их тоо шүү. Улаанбаатарт жилдээ 8210 гэр бүл шинээр бий болж байхад 2510 гэр бүл салж байна. Гэр бүлийн хүчирхийллийн болон Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр 831 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бол хүнд хэлбэрээр хохирсон хүүхэд 34 байх жишээтэй.
-Хүүхдүүд хараа хяналтгүй болох, хичээлдээ дургүй болоход цахим тоглоомын газрууд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Ер нь хотын хэмжээнд байгаа эдгээр цахим тоглоомын газруудыг нягтлах, шалгах чиглэлд ямар ажил хийж байна?
-Бидний зүгээс оны сүүлээр Нийслэлийн цагдаагийн газартай хамтраад цахим тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Одоогоор надад тэдгээрийн тухай тоо баримт хараахан ирээгүй байна. Ноднин шалгалтаар явж байхад цахим тоглоомын газрууд хүүхдүүдээ дүүргээд гаднаас нь цоожлоод хонуулдаг нийтлэг аргатай нь мэдэгдсэн. Одоо тэдний арга улам нарийсч байна. Яаж байна гэхээр бүр хэсэг бүлгээр нь нийлүүлээд, нэг анги хамт олон шиг болгочихсон байхтай ч таарч л байлаа. Томчууд нь буюу 16-18 настайчууд нь эр эмгүй нийлээд бүр мансуурдаг болсон гэсэн мэдээлэл ирсэн тул бид гэнэтийн шалгалт хийсэн. Одоогоор энэ шалгалтын дүн мэдээ хараахан ирээгүй байгаа тул дэлгэрүүлж ярих боломжгүй байна.
-Улаанбаатарын бас нэг томоохон сөрөг асуудал бол зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй дэн буудлууд байгаа. Энэ талаарх тоо барим юу байна?
-Тийм. Эдгээр олон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй дэн буудлуудад мансуурах, хүчиндэх гээд маш олон гэмт хэрэг гарч байна. Эдгээр буудлуудад ихэвчлэн ажил сургуульгүй, хөдөө гадаанаас яваа хүмүүс хоног төөрүүлж архидаж, мансуурч гэмт хэрэг үйлдэж байна. Хэдийгээр шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байгаа ч өнгөрсөн жилийн байдлаар гэхэд л 6000 гаруй хүн ямар ч зөвшөөрөлгүй Улаанбаатарт орж ирсэн байгаа юм. Бичиг баримтгүй эдгээр хүмүүс ихэвчлэн дэн буудлаар л хоног төөрүүлж байгаа. Өнөөдөр Улаанбаатарын хэмжээнд 484 буудал ажиллаж байгаагаас 209 зочид буудал, 275 дэн буудал байна. Тэгвэл эдгээрээс албан ёсны зөвшөөрөлтэй нь ердөө л 178 байгаа бол 306 нь ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж янз бүрийн гэмт хэргийн уурхай болж байна. Бидний зүгээс удахгүй Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран дээрх ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 306 дэн буудлын үйл ажиллагааг албан ёсоор зогсооно. Хамгийн олон зөвшөөрөлгүй дэн буудал ажиллуулж байгаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн. Удахгүй араас нь тууштай явах болно.
-
2018 оны 1 сарын 11
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.01.11) нэгдсэн хуралдаанаар эхлээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэгдэл олгодог хууль 2008 онд батлагдан хэрэгжиж байна. Улсын Их Хурал Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийг 2008 онд баталж, тус хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлын 2008 оны 33 дугаар тогтоолоор, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус батлан хэрэгжүүлж байсан. Энэ арга хэмжээнд нийт алдар цолтой 2440 ахмад настан хамрагдаж, 4.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан гэлээ. Улсын Их Хурлаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна. Тиймээс энэхүү хуульд нийцүүлэн алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг нэгдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд гишүүдийнх нь олонх хэлэлцэхийг дэмжсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Л.Болд нар тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
2018 оны улсын төсөвт тэтгэвэр нэмэх эх үүсвэр болгож 117 тэрбум төгрөг тусгасан. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 388 мянган ахмад тэтгэвэр авч байгаа бөгөөд дээрх хэмжээний эх үүсвэр нь багагүй хөрөнгө гэдгийг салбарын сайд С.Чинзориг онцолж байв. Энэ хөрөнгөө нийт тэтгэвэр авагчдадаа хуваахаар оны нэгдүгээр сараас нэмэх юм бол дунджаар 8 хувь болно. Нийт татвар авагчдын 60 орчим хувь нь хамгийн бага хэмжээгээр буюу сард 250 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Иймд тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 01-нээс нэмэх, ингэхдээ хувиар биш харин ижил хэмжээтэй мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэв. Мөн тэтгэвэр авагчдынхаа иргэдийн орлогод бодит дэмжих зорилгоор арилжааны нэр бүхий банкуудтай зөвшилцөн нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувийн хүүтэй болгосон гэлээ. Мөн зээл авсан ахмад настны сар бүрийн тэтгэврийг нь 100 хувь эргүүлэн зээлийн төлөлтөд авдаг байсныг өөрчилж 70 хувь болгон бууруулж, сарын хэрэглээнд зориулж 30 хувийг гар дээр нь олгож байхаар зээлийн нөхцлийг сайжруулсан гэлээ. Мөн ахмадуудын тавьж буй хүсэлтийн дагуу тэтгэврийн хэмжээний зөрүүг арилгах, итгэлцүүрийг шинэчлэх асуудлыг төсөв, санхүүгийн бололцоотой бол ойрын хугацаанд хийх, халамжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, Статистикийн төв газраас зарлаж буй амьжиргааны төвшинтэй дүйцүүлэх тогтолцоонд оруулах нь шаардлага бий гэдгийг С.Чинзориг сайд тайлбарлалаа. Мөн халамжийн чиглэлээр олон төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага байгааг хэлсэн.
Ингээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.7 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.
Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль санаачлагчаас агаарын бохирдлыг бууруулахын тулд төрийн бүх институцийн оролцоог хангах, уг арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг хангах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулах, мөн Агаарын бохирдлын эсрэг сангийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр төслийг боловсруулсан байна. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасанд үндэслэн хэлэлцэж буй төсөл дэх хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох саналыг Улсын Их Хурлын гишүүд гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай асуудлуудыг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлэх тухай төсөлд тусгах саналыг Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар тусгасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналыг гишүүдийн олонх дэмжжээ. Мөн агаарын бохирдуулсын төлбөрөөс иргэнийг чөлөөлөх зохицуулалт тусгасан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон агаарын бохирдлын эсрэг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болох иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн болохыг Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан юм.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, А.Сүхбат, Б.Саранчимэг, Д.Дамба-очир, Н.Оюундарь, Д.Сарангэрэл нар Байнгын хороодын дарга нар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулга хийлээ.
Утааг бууруулах, арилгах чиглэлээр олон төрлийн ажил хийж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй, үүний дээр агаарын бохирдлыг бууруулах, арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тусгай санг татан буулгаснаар энэ чиглэлийн ажлуудыг санхүүжүүлэхэд хүндрэл үүссэн. Иймд Агаарын бохирдлын эсрэг санг байгуулахаар холбогдох хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир тайлбарлав. Нийслэл болон суурин газруудад үүсээд буй агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүд үүсгэж байгаа тул үүн дээр тодорхой шийдлийг ойрын хугацаанд хийхээс өөр гарцгүй байгааг хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийг салбар, салбарын мэргэжилтнүүд боловсруулж батлуулсан бөгөөд хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэллээ. Утааг шийдэх олон гарц, технологийг судалж үзсэн. Харин хөрөнгө санхүү, бүтээн байгуулалт, хугацааны асуудал үүсч байгаа, үүний зэрэгцээ эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа гэв. Түүнчлэн иргэд хууль журмыг мөрддөггүй, төр засгаас гаргасан бодлогын баримт бичгүүдийг хаа хаанаа хэрэгжүүлдэггүйгээс төвлөрөл, агаар, орчны бохирдол өнөөдрийн төвшинд хүрч иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг хөндөх хэмжээнд асуудлууд үүссэн гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлсэн юм. Ипотекийн зээл болон бага орлоготой иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах хөтөлбөрийн явц, байдлын талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 250 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа ч ердөө 13 хувь нь зээлийн шаардлага хангаж байгаа аж. Иймд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ чиглэлээр тодорхой судалгаа хийж, гарц шийдлийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна. Зах зээл дээр худалдаалагдаж буй орон сууцны м.кв-ын үнэ 2 сая орчим төгрөг байгаа бол иргэд м.кв нь 1.2 сая ба түүнээс бага өртөгтэй байгаа тохиолдолд худалдан авах боломжтой талаар судалгаа байгаа. Үүийн зэрэгцээ нийслэлийн 100 мянга гаруй өрх эзэмшил газартаа тохижилт хийгээд амьдрах сонирхолтой байгаа гэдэг судалгаа, мэдээллийг холбогдох газруудаас ирүүлсэн гэлээ. Иймд эдгээр иргэдийн сонирхол, зорилгыг ч гэсэн ипотекийн зээл олгохдоо анхаарах шаардлага үүсч байгаа гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлсэн.
Нийт ипотекийн зээлийн 18.1 хувийг орон нутагт олгосон бөгөөд 2019 онд Сангийн яам уг асуудлыг хариуцан ажиллахаар төлөвлөсөн гэдгийг тэрбээр хэллээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” зэрэг 8 дэд төвийг 2015-2020 оны хооронд байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүд хэрэгжүүлж байгааг нийслэлийн удирдлагуудын зүгээс танилцуулав.
Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэгбүрээр санал хурааж шийдвэрлээд, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 11
Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулсан. Энэ хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж байгаа юм.
-
2018 оны 1 сарын 11
Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал шуугиан болж байна. Энэ тухай эрхэм гишүүн огт ам нээгээгүй байгаа билээ. Түүнийг тойрогтоо ажиллаад дөнгөж хотод ирээд байхад нь уулзаж хэл ам болоод буй асуудлын талаар хариулт авлаа.
-
2018 оны 1 сарын 11
Ерөнхийлөгч утаатай тэмцэж, үүний тулд УИХ-тай ч тэмцэхээр болоод явчихав. Гэвч УИХ түүний албан бичгийг хэлэлцсэн боловч “Онц байдал зарлахаар хэмжээнд хүрээгүй” гэж үзжээ. Яавал онц нөхцөл байдал болох юм бол. УИХ-ыг тараана гэсэн нь “онц байдал” уу. Эсвэл “Онц байдал зарлах саналыг хүлээж аваагүй” нь УИХ-ыг тараахыг дэмжих шалтгаан уу.
-
2018 оны 1 сарын 11
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын харуулын байранд хулгайч орж СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, дүрс бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлсан хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Э гэгч нь үйлдсэнийг илрүүлжээ.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Гэр бүл худалдааны төв”-д иргэн Н-ын гар утас алдагдсан тухай дуудлагын дагуу ажиллаж, түүний “Samsung S-6” гар утсыг Архангай аймгийн харьяат эрэгтэй, Д хулгайлсан болохыг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Иймд иргэдийг өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулж, автомашин, тээврийн хэрэгслээ гэрэлтэй газар зориулалтын зогсоолд байрлуулж, дохиолол хамгаалалтын систем суулгах, гэр орноо эзэнгүй орхихдоо хажуу айлдаа захих зэргээр хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
2018 оны 1 сарын 11
Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.
-
2018 оны 1 сарын 11
13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд шүүгчээр Ч.Алтанцэцэг, Э.Чингис, Б.Ариунхишиг, улсын яллагчаар Г.Эрдэнэ, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Г.Мөнхгэрэл, У.Сайбилэг, Т.Амгалансуурь, Ц.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Харин шүүгдэгчээр Л.Даваасүрэн, Т.Энхмөнх, А.Тэлебек нар оролцлоо.
Хэргийг хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
-
2018 оны 1 сарын 11
Татвар нэмэхтэй холбоотой асуудал иргэдийг бухимдуулж, уур ундуйцлыг төрүүлэх болов. Үүнийг МҮЭХ анхааралдаа авч маргааш жагсаал, цуглаан зохион байгуулахаар товлоод байгаа. Энэ талаар Монголын тээвэр холбоо, Газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаатай ярилцлаа.
-
2018 оны 1 сарын 11
Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” шинэ бүтээлийн концертыг үзэгч сонсогчдодоо хүргэдэг билээ. Энэ жил орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчид болох ТХШ, АЖ Н.Жанцанноров, СТА Ш.Өлзийбаяр, СТА Ц.Эрдэнэбат болон УГЗ Р.Ганбат агсны шинэ бүтээлүүдийг 1-р сарын 12-ны 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.
-
2018 оны 1 сарын 11
Манай Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат корпус, олон улсын байгууллагын удирдлагуудыг төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлалтай юм. Энэ дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцож, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдөд хандан 17 дугаар жарны шар нохой жилийн Цагаан сарын баярын мэндийг угтуулан дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.
Мөн Монголын ардчилал, эдийн засаг, Монгол Улсын татварын ил тод байдлын талаар төлөөлөгчдөд хандан байр сууриа илэрхийллээ.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадаад худалдаа, эдийн засгаа өсгөх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө түнш орнууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийн нэр хүндтэй төлөөлөл Та бүхэнтэй хамтран ажилласандаа Монголын төр, засгийн төлөөлөл болсон бид сэтгэл хангалуун байна. Хөршүүд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө монголчууд онцгой хүчин чармайлт тавьж ирсэн, цаашид ч анхааран ажиллах болно. Хөрш улсуудтай “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх механизм болон “Хөрөнгө оруулалтын судалгааны төв” байгуулах зарчмын тохиролцоонд хүрч, эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг тохирсон нь чухал алхам боллоо. Монгол Улсын гадаад бодлого “Гуравдагч хөрш” орнууд, дэлхийн бусад улсууд, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашиг, сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллах зарчмыг тууштай баримталж ирлээ.
Европын холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон, тус холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо албан ёсоор нээсэн, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хоёр дахь компакт гэрээ байгуулах шалгуур үнэлгээг хангасан зэрэг үр дүн гарсныг энд дурдаж болно.
Монгол улсад тулгарч байгаа зарим нэг хүндрэл, сорилтыг ч дашрамд дурдмаар байна. Европын Холбооны Сангийн сайд нарын Зөвлөлөөс Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалтанд” оруулсанд манай төр, засаг харамсаж байна. Энд үл ойлголцол, мэдээллийн дутмагшил гарсан байх. Монгол улсын хувьд татварын асуудлыг ил тод байлгахад татгалзах зүйл огтхон ч байхгүй. Европын Холбоотой ойлголцолд хүрч, манай улсыг ойрын хугацаанд энэ жагсаалтаас хасна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд Үндэсний аюулгүй байдлын цөм болсон эдийн засгийн аюулгүй байдлаа сайжруулахад онцгой анхаарна гэдгээ хэлж, энэ зорилтын хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулж, өгөөжийг нь дээшлүүлэх, эдийн засгаа олон тулгууртай болгох, экспортын бүтээгдэхүүний төрлийг олшруулахын төлөө тодорхой бодлого гарган ажиллах талаар ярьж, энэ ажилд гадаад анд нөхөд Та бүхний чин сэтгэлийн дэмжлэг, туслалцаа чухал хэвээр байх болно гэж цохон тэмдэглэлээ.
Харин Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдийг төлөөлөн Дипломат корпусын тэргүүн нарын ахлагч Казакстан улсын Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин Төрийн гурван өндөрлөгт хандан мэдчилгээ дэвшүүллээ.
Тэрээр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд аа, Монгол Улс дахь Дипломат корпусын нэрийн өмнөөс шинэ жилийн баярыг тохиолдуулан үг хэлэх завшаан тохиосон нь нэр төрийн хэрэг болж байна. Монгол Улс Үндэсний эдийн засгийн чадамжаа болон нийгмийн хөгжлөө бэхжүүлэх төслүүд, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаад бид баяртай байна.
Манай өөдрөг үзэл болон талархлыг хүлээж байгаа бас нэг шалтгаан нь өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр сахилга баттай оролцсон монголын ард түмний иргэний хариуцлага, ухамсар юм. Гадаадын олон зуун ажиглагч ажигласан сонгууль нь Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд ардчиллын тогтвортой хөгжлийн замаар явж байгааг бататган харууллаа. Үүнийг дээрх ажиглагчид ч баталлаа. Тус улсын төрийн үйл хэрэг нь бусад улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашдын гадаадын хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдол бүхий төрийн тогтвортой байдал Монгол Улсын ард түмний найдварыг бэхжүүлж өглөө” гэв.
Мөн Шинэ Засгийн газарт иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх амаргүй ажил байгааг дурдаж, Дипломат корпусын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын яамд, агентлагуудтай хамтран ажиллаж, талуудын тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийллээ.
-
2018 оны 1 сарын 11
Одоогоос 50 жилийн тэртээ Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, рок поп, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болж өдгөө хагас зуун жилийн түүхтэй уран бүтээлээ туурвиж буй Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид энэ онд түүхт баярын ойгоо тэмдэглэхийн сацуу шилдэг бүтээлийн тоглолтуудаа үзэгч сонсогчдодоо толилуулахаар болжээ. Тэд ойн хүрээн дэх анхны тоглолтоо Movie Swing-р эхлүүлэх гэнэ.
James Bond 007, Rocky, Mission Impossible, Бригадаа, Шурик гэх зэрэг Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах тус тоглолт 2018 оны 01 сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.
Тоглолтод Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцож киноны дуу хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх аж.
Тасалбарыг Филармонийн кассаар болон Movie swing киноны дуу, хөгжмийн тоглолт сайтаар худалдаалж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хямдруулан авахаас гадна 1900-1800-р үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Сэтгэлд хоногшсон киноны дуу хөгжмөөр хөглөгдөж нэгэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл Филармонийн концертыг танхимыг зорихыг хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлана уу.
-
2018 оны 1 сарын 11
Өнөөдөр ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд зэрэг нийт 150 хүн оролцож байна.
-
2018 оны 1 сарын 11
ХСҮТ дээр дадлагажиж суралцдаг гадны мэс засалчид нэг удаа ”Монгол бол жижигхэн улс, гэхдээ агуу хүмүүсийг төрүүлдэг улс. Эзэн Чингис хаан, жанжин Сүхбаатар, профессор Чинбүрэн” гэж хэлж байсан гэдэг.
-
2018 оны 1 сарын 11
Авлигачидтай тэмцэх ажлаа хойш тавьж, авгайтай тэмцэлдэх АТГ
-
2018 оны 1 сарын 11
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоороо дээгүүрт тооцогддог, мөн агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг тус дүүргийн ард иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж болон бусад асуудлыг судалж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар зорьжээ.
Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн хувьд, ахмадын хэвтэн эмчлүүлэх нийт 35 ортой тасаг ажиллуулдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд ард иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм байна. Харин тус амбулатори нь төвийн халаалтын системд холбогдоогүй тул хэрэглээний хүйтэн устай, тасалгааны тогтсон температури байхгүйн улмаас иргэд, үйлчлүүлэгчдээс энэ талын гомдол тасардаггүй гэдгийг эмч, ажиллагсад хэлж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар ахмадын хэвтэн эмчлүүлэх 150 ор бүхий төв байгуулж, тус амбулаторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор барилгын зураг, төлсийг хийлгэж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлага болон эмч, ажилтнуудад мэдээлэл хийлээ.
Мөн зуу гаруй айл өрх газраа чөлөөлбөл нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлсэн. Ингэснээр агаар, хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой юм байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2018 оны 1 сарын 11
Маргааш Эрдэнэт хотод улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болно. Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээн эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулах юм. Улсын аваргын тэмцээний энэ жилийн онцлог нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шинэ жингээр явагдах гэж байна.
2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхлээд байгаа. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох юм.
-
2018 оны 1 сарын 11
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Ер нь Нийслэлийн газрын алба хууль тогтоомжийн хэрэгжилттэй асуудал нийслэлд зонхилж байгаа тул НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд энэ сарын 18-ны өдрийг хүртэл иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байгаа юм.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Н.Цэрэнлхам дээрх мэдээллийн дагуу бидэнд хандлаа. Тэрээр хэлэхдээ би 2000 оноос хойш 18 жилийн турш өөрийн оршин суугаа газрынхаа орц, гарцыг хаалгуулаад, газрынхаа талыг алдчихсан. Гурван шатны шүүхээр яваад дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад одоог хүртэл асуудал шийдэгдээгүй л байна. Би бодохдоо улсын дээд шүүхийн шийдвэр хамгийн эцсийн шатны шийдвэр гэж ойлгодог. Гэтэл дүүргийн газрын албаны үе, үеийн дарга нар миний энэ муу жижигхэн газрын асуудлыг шийдвэрлээд өгчихөөгүй л байна. Дээрээс дарга нар шийдвэр өгөөгүй гэж хойшлуулсаар байгаа. Ер нь ингэж даалгавараар ажилладаг асуудал өнөөдрийг хүртэл амь бөх байсаар байна. Энд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай асуудал ч хурцаар хөндөгдөх ёстой гэж бодож байна гэлээ.
Энэ мэтчилэн газрын асуудалтай холбоотой маргаанууд олон байна. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гар бие оролцож, холбогдох албан тушаалтнуудтай хамтран ярилцаж хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм. НИТХ-ын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг нь 2018 оны 11-р сарын 22-ны өдөр 14 цагт Соёлын төв өргөөнд болно гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 11
”Утааны эсрэг аав ээжүүд” ТТБ-аас хэвтээ жагсаал хийхээр болжээ. Жагсаал ирэх бямба гараг буюу энэ сарын 13-ны 12.00 цагаас Сүхбаатарын талбайд болох юм байна.
Тэрбээр утааг арилгах дорвитой үйлдэл хийхгүй байгааг эсэргүүцэж ийнхүү жагсаал зохион байгуулахаар болжээ.
-
2018 оны 1 сарын 11
Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долоодугаар сарын 1-нээс шинэчлэхээр болжээ.