Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Амазон”-ы Монгол инженер

2017-1-18
0
ЖИРГЭХ

Амарсанаагийн Амарбаяр

\Цуврал ярилцлага- 30\

 

...А.Амарбаярын тухай ярилцлагыг нилээд хэдэн жилийн өмнө олж уншихдаа, "Энэ залуутай уулзаж ярилцах хэрэгтэй юм байна" гэж бодож асан. Чикаго хотод зохион байгуулагдсан монгол оюутнуудын "Хөдөлмөрийн яармаг" дээр оролцож, өөрийн туршлагаа залуустай хуваалцаж байхаднь түүнтэй танилцаад өнгөрсөн юм. Тэрээр "Амазон"-д ажилд орсон туршлагаа болон залуу хүний хувьд ажил болон амьдралд хандах хандлагаа бусадтай хуваалцаж байгаа нь надад таалагдсан. Түүнчлэн Америкт ажиллаж амьдарч буй монгол залуусын дунд зохион байгуулагддаг "Надад хэлэх үг байна" илтгэлийн уралдаан, "Хөдөлмөрийн Яармаг" арга хэмжээнүүдийн зохион байгуулах багт ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн жил Сан-Францискод болсон монгол оюутнуудын "Надад хэлэх үг байна-6" арга хэмжээг зохион байгуулж байхад нь богино хугацаанд уулзаж санал солилцож, өнгөрсөн оны 6 сард Сиэтл хотод ажлаар очихдоо тухтай уулзаж ярилцсан ярилцлагаа та нартаа хүргэж байна.

 

Нэг. НАМТРЫН ТОВЧООН


 

* Боловсрол:


-2005 онд "Оюуны тулга" \бүрэн дунд боловсрол\
-2008 онд Diskinson State University \бакалавр\
-2016 онд Maharishi University of Management \магистр\

 

* Ажилласан газрууд:


-2008.01-2008.07 REMco\MSI Solutions \Tehnical Support\
-2008.07-2008.11 REMco\MSI Solutions \Lead Tehnical Support\
-2008.11-2013.11 REMco\MSI Solutions \Software Development\
-2015.02-2016.04 Amazon.com \DevOps Engineer 1\
-2016.04-одоог хүртэл Amazon.com \DevOps Engineer 2\



Хоёр. АЛГАСАЖ СУРАЛЦСАН БАГА НАС


 

-Г.Галбадрах: Хаана төрж, хэрхэн өсөв?

 

-А.Амарбаяр: Би 1989 оны 10 сарын арван 17 нд Партизаны сангийн аж ахуйд төрсөн. Ээж маань Завханых, аав минь Сэлэнгэ аймагт төрсөн гэхдээ хотынх. Сургуульд орохын өмнөх бага нас минь Баянхошуунд гэрт өнгөрсөн, ус түрээд л, цагираг эргүүлээд л тэр үеийн хүүхдүүдийн амьдрал яаж өнгөрдөг байсан тэрэн шиг л өнгөрөв. Харин сургуулийн хувьд наснаасаа түрүүлээд орж байсан юм, гэхдээ олон сургуульд шилжиж сурсан. Эхлээд 31-р сургуульд 1 жил сурсан байдаг. Дараа нь 31-ээс шилжээд "Улсын тэргүүний" лаборатори нэгдүгээр сургуульд дөрөвдүгээр анги хүртэлээ сураад, "Орчлон" сургууль руу шилжиж сурахдаа 5-р ангиа алгасаад шууд 6-р ангид орж байв. Нэгдүгээр ангиасаа өглөөний цагаар англи, герман хэлний дугуйланд явдаг, "Ээрмэл" рүү газрын теннисний сургалтанд явдаг, хичээлээ тараад математикийн сонгонд явна гээд багаасаа л маш завгүй, хуваарьтай байсан. Анх "Орчлон"д ороход нэг бол гадаадад амьдарч байсан, нэг бол хувийн сургуулиас ирсэн хүүхдүүд бүгд англиар ярьдаг би юу ч ойлгодоггүй нилээд хэцүү байсан. Ямар сайндаа 2001 оны 9 сарын 11нд Дэлхийн Худалдааны Төвийн халдлага болж байх өглөө манай ангийнхан CNN-ээр мэдээ үзээд бүгдээрээ маш их санаа зовсон байж байхад би ойлгохгүй, "Кино гараад байгаа юм байхдаа" гэж бодон сууж байж билээ. Бага байхаас л ах бид хоёрын боловсролын төлөө нойр хоолоо хасан байж ажиллаж байсан аав ээж хоёр минь зуны амралтаар ах бид хоёрыг зуслан дээр байхад англи үг цээжлүүлдэг, цээжлээгүй байвал Баянхошуунд байдаг гэртээ түгжээд явчихдаг байлаа. "Орчлон"д гэхдээ нэг л жил сурсан.


-Г.Галбадрах: Дараа нь хаана шилжиж сурсан хэрэг вэ?

 

-А.Амарбаяр: Математик, физикээрээ маш сайн шинэ сургууль нээгдэж байгаа гэсэн нь "Олонлог" сургууль байв. Аав хүүхдүүдээ матеметикаар явуулна гэдэг байсан болохоор сонирхсон байх. 11-р сургуулийн хоёр багш "Олонлог" сургуулийг байгуулсан учраас тэднийг дагаад 11-р сургуулиас математик физикийн гавлууд шилжээд ирчихсэн байлаа. Эхлээд хэцүү байсан ч математик, физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай болж эхэлсэн дээ. Бусад хичээлүүддээ жаахан сонирхолгүй болж эхлээд явж байтал "Шинэ Монгол" гээд сургууль гараад ирэв ээ. \инээв\ Сайн суралцаж чадвал Япон руу Засгийн Газрын тэтгэлгээр Их Сургуульд явуулдаг гэж сонсоод намайг тийшээ орууллаа.Тэгээд "Шинэ Монгол"д орох гэтэл есдүгээр ангиас авна гэсэн шаардлага тавьж байсан болохоор долоо наймынхаа шалгалтыг зэрэг өгөөд ахиад л анги алгасаж сургуулиа сольсон. 1-р сургуульд сурч байхдаа "Хүүхдийн Ордон"-д англи, гэрман хэл сурдаг байсан бол "Орчлон"д байхдаа би хятад хэл сурдаг байлаа. Гэтэл "Шинэ Монгол"-д япон хэл сурах хэрэгтэй болж байв.

-Г.Галбадрах: Уг нь сургуулиудын сайныг нь шилж сонгоод сураад байсан байх юм?

 

-А.Амарбаяр: Тухайн үед боломж бололцоо нь тэр болгон байхгүй байсан ч аав ээж хоёр минь боловсролд маш их анхаарал тавьдаг учраас яаж ийж байгаад л сайн сургуулиуд руу оруулж байсан байх. "Шинэ Монгол" ахлах сургуульд хагас сурч байтал, Польшид Олон улсын Лицэй сургууль байна гэв. "Бүх хичээлүүд нь англи хэлээр ордог, эхний топд нь орж чадвал Англид Кэмбрэжид тэтгэлгээр сурдаг гэнэ" гээд 14 настайдаа Европын зүг явж байлаа. Анх удаа ээж ааваасаа хол, долоо хоног вагоноор яваад Польшид очсон. Оросын эх газар нутгаар 5 хоног вагоноор явж байхдаа улс дамжин наймаа хийдэг ах эгч нартай танилцан тэдний бараанаас нь заралцаж үзэв. "Термос сто рубль" гэж орилохоор орос өвөө эмээ нар ирж вагоны цонхны цаанаас хятад халуун сав худалдаж авдаг. \инээв\ Польшид очсон өдрөөсөө ойр зуурын польш хэл сурах хэрэг гарлаа. Хөдөөний гэгдмээр хот учраас тэр болгон гадаад хүмүүс амьдардаггүй. Ази хүн анх удаа харж байгаа жоохон хүүхдүүд биднийг ам нь ангайчаад харж инээгээд л гудамжаар дагаад л алхана. Аав ээж хоёроос сардаа жаахан мөнгө ирэхээр ах бид хоёр "цалин буулаа" гээд л дэлгүүр орж польш хиам авч иддэг нь бас л жаргалтай мөчүүд байсан юм шүү. Мөнгө бас тэнд дутагдалтай л байлаа. Тэнд удаан хугацаанд амьдарсан монголчуудтай танилцаж, хичээлийн бус цагаараа тэдний ажилладаг задгай зах дээр очин цамц, оймс энэ тэр заралцаж хармааны хэдэн төгрөг олох үе зөндөө байсан. Польшид хагас жил болоод хэдийгээр ах бид хоёр анги, ангидаа топдоо орчихсон байсан боловч, хувийн тодорхой шалтгааны улмаас Монгол руугаа буцсан юм.

-Г.Галбадрах:Польшоос буцаж ирээд бас сурсан уу?

 

-А.Амарбаяр:Тэгсэн. Польшоос буцаж ирээд "Оюуны тулга" гэдэг математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд шууд аравдугаар ангид нь орсон. Сургуулиа төгсөөд Их Сургуульд орох гэтэл "15 настай" гээд намайг аваагүй. Харин MIU гэдэг сургууль авна гээд, тэнд орж IT-гийн чиглэлээр сурч эхлэв. MIU-д би нэг жил сурсаныхаа дараа нь ШУТИСд шалгалт өгөөд Германы Инженерийн Бэлтгэл \ГИБ\ ангид орсон. Уул уурхайн инженерийн мэргэжлээр хоёр жил сурч шалгалтуудыг нь өгч Герман руу тэтгэлгээр сурахаар явах боломжтой гэж сонгосон юм. Тэр үед уул уурхайн салбар Монголд их ирээдүйтэй гэж яригддаг байсан юм. Тэнд герман хэлээ академик түвшинд сурсан. Бүх хичээлээ германаар үздэг, бодсон бодлогоо германаар тайлбарладаг байлаа. Хагас жил орчим сураад байж нэг өдөр аав надаас "Чи Герман явах уу? эсвэл Америк явах уу? Америкт бага хэмжээний тэтгэлгээр сурах боломжтой сургууль байна" гэж хэлж байсан. Тэгэхэд би яагаад ч юм бэ, шууд л "Америк явъя" гээд сонгочихлоо.

Гурав. АМЕРИКТ ЗОРИЛГОО МЭДРЭВ


 

-Г.Галбадрах: Их олон сургуулиудад суралцаж, олон сонголтууд хийсний эцэст Америкийг сонгожээ дээ?

 

-А.Амарбаяр: Тэгээд л хоёр сар хагасын дотор бүх зүйлээ шийдээд 2006.1.06 нд Америкт ирлээ. Хэдийгээр англи хэл үзэж, өөрийгөө "сайн болсон" бодож байсан боловч, Сан-Францискод буугаад л чихний бөглөө гараагүй болохоор хүмүүсийн яриаг нь сайн ойлгохгүй, энд тэнд байгаа бичгүүдийг нь ч ойлгохгүй байсан. Тэндээсээ өөр нэг онгоцонд суугаад Диккинс гээд жижигхэн хотод буусан даа. "Америк гээд гоё, өндөр өндөр барилгуудтай газар очно доо" гэж бодож байсан хүн, хөдөө газрын жижигхэн сургуульд ирчихдэг. Тэр үед бас 40-өөд оюутан ирчихсэн байсан. "Монголоороо яриад байвал хэл ер сайжрахгүй юм байна" гэж бодоод Америк хүмүүстэй илүү ярьдаг болохоор хичээсэн. Нэг улирал гаран тэгж явсаар байтал хэл маань сайжирлаа. Эхний нэг жилдээ үндсэн хичээлүүдээ үзэж байгаад мэргэжлийн хичээлээ дараа жилээсээ үзэж эхлэв.

-Г.Галбадрах: Оюутны амьдрал тань ямархуу байв?

 

-А.Амарбаяр: Би ер нь их идэвхтэй оюутны нэг байсан байх." Student Senate" буюу манайхаар "Оюутны Холбоо"-ны гишүүнээр ажиллаж, Олон улсын оюутнууд болон Америк оюутнуудыг хооронд нь нь найрсаг харилцаатай, бие биенийхээ соёлыг ойлгож, сайхан найзалж нөхөрлүүлэх төслүүд дээр их ажиллаж байв. Тиймдээ ч сургуулиа төлөөлөн COSGA \Conferense On Student Government Association\ нэртэй Америкийн бүх Их Сургуулиудын Холбооны төлөөллүүд оролцдог чуулга уулзалтанд 4 senat оюутантай хамт оролцож, "Оны шилдэг Senate" шагналыг авч байлаа. "Оюутны дотуур байрны каминдат болбол, байр хоол үнэгүй болгож хөнгөлүүлдэг юм байна" гэж олж мэдээд нэг семестрийн турш 50 гаруй оюутнуудтай хамт хичээл үзэж, төгсгөлд нь "сонгон шалгаруулах" төсөл дээр ажиллан шигшигдээд, эцсийн шатандаа ярилцлагад орж сонгогдсон хэдхэн оюутны нэгэнд багтан байр хоолоо үнэгүй болгож байв. Үүрэг хариуцлага нь мэдээж өндөр. Дотуур байрныхаа оюутнуудын амьдрах орчин, хэрэгцээтэй зүйлсийг нь бүгдийг нь хамт хариуцаж, сар болгон янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулна. За тэгээд Олон Улсын Оюутны Холбоо, сонирхогчдын спортын баг, уралдаан тэмцээн гээд ер зүгээр суудаггүй байсан. Ганц нэг шагнал урамшууллаас нь дурдвал: "Ерөнхийлэгчийн нэрэмжит оны шилдэг оюутан"-аар шалгарч байв. Сургуулийнхаа "Авьяастан шалгаруулах тэмцээн"-д хоёр жил дараалан оролцож 1-р байр эзэлж байсан шүү. Хурууны бүжиг хийж байсан юм. \инээв\ Гадна дотны олон найзуудтай болсон. Өнөөдрийг хүртэл тэдэнтэйгээ холбоотой байдаг шүү. 

-Г.Галбадрах: Суралцаж байхад хүнд хэцүү үе тохиолдож байв уу?



-А.Амарбаяр: Зундаа Вашингтон ДС-д ирээд ажил хийдэг байлаа. Кассчин, бургерчин, айл нүүлгэдэг ажил гээд олдсоныг нь хийнэ. Нэг удаа айл нүүлгэж яваад нуруугаа гэмтээчихлээ. Нуруугаа хөдөлгөж чаддаггүй. Ажлаа тараад арай гээд алхаж явтал бороо ороод л могой яваад, тэр үед л "Би яг яагаад ингэж яваад байгаа билээ?" гээд өөрөөсөө асуугаад л. Хамт ажиллаж байсан ах надад могойн тос авчирч өгөөд, тэгсэн ч ер босч чадсангүй. Эмчилгээнд явах гэтэл үнэтэй байлаа. Аав, ээж хоёр намайг "Монголдоо буцаж ир" гэлээ. Тэгээд л ажил хийж олсон мөнгөөрөө тасалбар аваад л Монгол руугаа явав. Монголдоо ирээд нуруугаа эмчлүүлчихээд Америк руу буцаад явсан даа. Тиймэрхүү юм тохиолдохоор зорилгоо улам ихээр санадаг юм билээ. "Санхүүгийн хэрэгцээгээ яаж өөр байдлаар шийдэх вэ?" гэж бодогдож боломжуудаа бүрэн ашиглахаар чармайж эхэлсэн. Нэг улиралд би 25 кредит авч үздэг байсан юм. Тийм болохоор хоёр жил хагас хугацаанд суралцаад сургуулиа төгсөв. . Ингээд 2008 оны 5 сард бакалавраа 18 настай төгсөж, "Хамгийн залуу төгсөгч"-өөр шалгарч байлаа. Төгсөх семестэртээ REMco Software \одоо MSI Solutions гэгддэг болсон\ зочид буудлын захиалгын систем хийдэг компанид дадлага хийх боломж олдоод орж байсан юм. Харин сургуулиа төгсөөд тэр компанидаа ажилд орсон юм.

-Г.Галбадрах: Тэр компанидаа ямар ажил хийдэг байсан юм бэ?

 

-А.Амарбаяр: Technical Support буюу зочид буудлын ажилчид менежэрүүдэд программын холбогдолтой ямар нэгэн асуудал тулгарвал техникийн зөвлөлгөө өгч, асуудлыг нь засдаг ажил. Харин үүнээс 6 сарын дараа тушаал дэвшээд "ахлах" болсон. Түүнээс хойш 4 сарын дараа дахин тушаал дэвшиж "Программ Хөгжүүлэлтийн Хэлтэс" рүү инженерээр орох болов оо. Би тэр үед 250$-оор 1985 оны арай хийж явдаг нэг машин худалдаж авчихсан байсан юм. Тушаал дэвшээд, төгссөн мэргэжлээрээ хүсч байсан ажлаа хийх болсон гэдэг мэдээг сонссон тэр өдрөө гэр рүүгээ харьж явахдаа машиныхаа бүх цонхыг хааж байгаад "Yes" гээд хамаг чадлаараа орилж билээ. \инээв\ Таван жил би тэндээ тасралтгүй ажилласан.

Дөрөв. МОНГОЛД БАС СОЛОНГОСТ

 


 

-Г.Галбадрах: Хурдан дэвшиж, тэр хэрээрээ сайн туршлага хуримтлуулж байжээ?

 

-А.Амарбаяр: Хамгийн доороос нь эхлээд бүх шат хүртэл нь зочид буудлын системийг сурчихлаа гэж бодож байсан. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглаад "Монголынхоо зочид буудлууд, кемпүүд, гэр жуулчны баазуудыг нэгтгэсэн захиалгын системтэй болгоноо" гэсэн зорилготойгоор Монгол руугаа буцлаа. Гэхдээ "Юмыг яаж мэдэх вэ?" гээд "Б" төлөвлөгөө гаргасан байсан нь, "Монголд очоод энэ санаа маань бүтэлгүй болох бас ажил олдохгүй болбол мэргэжлээ дээшлүүлэн ахиад сурна" гэсэн төлөвлөгөөтэй. Монгол руугаа буцахаас хагас жилийн өмнө Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургуульд шалгалт өгөөд 100 % тэтгэлэгтэй суралцах урилга хармаандаа хийчихсэн байсан л даа. Монголдоо ирээд ажилд орох гэж ярилцлагад орж үзтэл, Америк дахь таван жилийн туршлагыг маань тийм ч их тоохгүй, харин "магистр хийгээгүй" гэсэн шалтгаанаар маш бага цалин, хангамж санал болгосон. "Зочид буудлын системтэй холбоотой төсөл авч ажиллая" гэж бодоод судалгаа хийж хэд хэдэн зочид буудлын IT албаны дарга, менежэрүүдтэй уулзаж ярихад "Өө, наад санаа чинь явахгүй. Манайхан чинь Оросын зочид буудлуудын захиалгын системийн кодыг интернэтээс олж байгаад татаад авчихдаг юм. Тэгээд л хэрэглэчихнэ шүү дээ" гэж байсанд нь урам хугарсан. Нөгөө талаасаа туршлага дээрээ түшиглэн өөрийн санаа бодлоо хэрэгжүүлэх боломж надад ер харагдахгүй байлаа.

-Г.Галбадрах: Монголд маань чиний Америкт хуримтлуулсан туршлагыг бус цаасан дээр байгаа дипломын үнэлгээг үнэлдэг муу тогтолцооны жишээ байна л даа?

 

-А.Амарбаяр: Нэгэнт зорьж ирсэн зорилго маань бүтээгүй болохоор "Б" төлөвлөгөөндөө орж, Сөүлийн Үндэсний Их Сургууль руу явахаар шийдсэн. Миний сурч байсан лабораторид магистр болон докторын зэрэгтэй 12 оюутнууд байлаа. Хоёрхон гадаад оюутан байсны нэг нь би. Тэд бүгд маш мундаг, чадвартай оюутнууд байсан нь хийж байгаа төслүүдээс нь шууд мэдрэгдэж байв. Засгийн Газрын тендэрт орж өрсөлдөөд Солонгосын wi fi интернэтийн хурдыг 50 дахин хурдан болгох төслийг ялаад авчихаж байгаа лаборатори шүү дээ. Гэвч тэнд сурахад маш стресстэй, оюутнууд нь үүрийн 4,5 цаг хүртэл хичээлээ хийнэ. Долоо хоногийн зургаан өдөр маш ачаалалтай ажилладаг. Хичээлүүд нь англиар ордог ч, солонгос багш нарынх нь аялга ойлгогдохгүй. Мэдлэг хүлээж авах гэхээс илүү аялгыг нь ойлгох гэж хамаг хүчээ барчихдаг байв. Хоёрдугаарт хоол нь бас таарсангүй. Кампус дээр хоол идэхээр хэдхэн зүсэм мах, будаа, хачиртай өгдөг. Тэгээд хамгийн түрүүнд солонгосоор хэлж сурсан "Ахиад хоол нэмж өгөөч" гэдэг үгээ байнга давтана. Тэнд сурч байхдаа олон мундаг монгол оюутан, ах эгч нартай танилцан найзууд болж, их ч зүйл сурсан. Гэхдээ яагаад ч юм бэ? миний хувьд Солонгос нэг л таарч өгөхгүй байсан болохоор, эргээд Америк руу явья гэсэн бодол төрсөн дөө. Ахиад сургууль хайж эхлэв. Нэг өдөр "Зээлээр магистрийн зэрэгт сурах боломжтой Их Сургууль" -ийг олж мэдээд тэр сургуультайгаа холбогдоод эхэлсэн. Удалгүй шалгалт өгч, бичиг баримтаа бүрдүүлэн ярилцлагад орж тэнцээд, сургуульдаа орсон доо.

Тав. "АМАЗОН"-Ы АХЛАХ ИНЖЕНЕР

 


 

-Г.Галбадрах: Нөгөө л дунд сургуульд сурч байхдаа сайн сургуулиудыг шилж сонгож сурч байсан түүх тань давтагдаж дээ?

 

-А.Амарбаяр: Тэгсээн. \инээв\ Сургуульд орох урилгаа аваад 2014 оны 6 сард энд ирсэн. Энд үнэхээр чанартай боловсрол эзэмшиж чадсандаа их баяртай байгаа. Нэг сард нэг л хичээл үзнэ. Тийм зарчмаар явахаар яг тухайн сардаа өөр юунд ч санаа зовохгүйгээр тэр хичээлдээ анхаарлаа хандуулж, сайн сурах боломжтой. Улмаар 2015 оны 12 сард хичээл маань дуусаад ажил хайж эхлэв. Дотроо бол бүгд л Амазон, Гүүгль, Фэйсбүүк, Майкрософтод орчих хүсэлтэй. Миний хувьд ч бас адилхан. Гэхдээ баярын улирал таараад ч тэр үү, ажил хайгаад явц муутай байсан нь бага зэрэг сандаргаж байсан шүү. Он гараад харин ажлын ярилцлагууд эрчимтэй өгч нэг ажлын байрны санал хүлээж авлаа. Бас нэг газартай нилээд сайн ярилцлага өгч, ажлын байрны санал авах дөхөж байсан юм. Энэ 2 компанид хариугаа хэлэх ёстой 7 хоногийн хугацаанд гэнэт "Амазон" оос утсадаад "Ярилцлага хийж болох уу?" гэж санал тавьсан. Хүссэн болгон ороод байдаггүй өндөр шалгууртай болохоор, би ч эхэндээ "Эрсдэл үүрэхгүйгээр бэлэн байгаа ажлын саналаа авчихья" гэж бодож байв. Гэтэл яагаад ч юм бэ? цаанаасаа л "Хоосон хоцорсон ч хамаагүй ярилцлага өгөөд үзье" гэсэн бодол эргэлдээд, сайн найзууд минь хүртэл дэмжиж зөвлөсөн болохоор, эргэлзээгээ "Ерөөсөө л "Амазон"-ыг хүлээж, үзээд алдая" гэж шийдэж тайллаа. Эхний ээлжийн ярилцлагаа утсаар өгтөл "Та тэнцлээ, Сиэтлд хүрч ирж ярилцлаганд ороорой" гэж байна. Сиэтлд очих бүх зардлыг \онгоц, зочид буудал, өдрийн 3 хоол, такси\ цаанаас нь төлнө гэхээр нь гайхаж байж билээ. Тэгээд л Сиэтлд очиж өгөх ярилцлагадаа бэлтгэн, интернэтээр "Амазон"ы тухай судалж эхэлсэн дээ.

-Г.Галбадрах: "Амазон"-д орох ярилцлагад бэлтгэхдээ, "Амазон"-ы талаар судалж байгаа чинь хамгийн зөв шийдэл байна гэж би бодож байнаа.


-А.Амарбаяр: 45, 45 минутаар таван ярилцлагад орох байсны 4 нь техникийн ярилцлагууд, харин үлдсэн нэг нь яг орох багийнхаа менежэртэй хийх ярилцлага байсан юм. Тэгэхээр ганц техникийн чадвараа бэлтгэхээс гадна, "Амазон" компаны талаар судалж, "Яагаад энэ заавал энэ компанид ажиллах хүсэлтэй байгаа юм бэ?" гэдгээ нотолж ойлгуулах хэрэгтэй байлаа. Тиймээс анх үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн судалж, бизнесийн модель, ололт амжилтууд, бас алдаанууд, шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүд, СЕО-н өгсөн ярилцлагууд, мэдээ, бүр цаашлаад сүүлийн 6 сард хувьцаа нь яаж унаж, өссөн талаар уншиж судлан бэлтгэсэн байсан юм. Техникийн асуултуудаа хариулчихаад мөнөөх менежэртэй ярилцхадаа уншиж судалсан зүйлүүдээсээ ярьтал "Woow" гэсэн хариулт шууд авч байсан шүү. Ярилцлагаас гарч ирэхдээ "Тэнцээгүй байсан ч харамсахгүйгээр өөрийн чадвараа бүрэн ойлгууллаа" гээд өөртөө санаа амар, бас баяртай байдаг юм билээ. Ярилцлагынхаа хариуг маргааш нь э-майлаар хүлээж автал, хамгийн эхний үг нь "Cоngratulatuons" гээд л гараад ирэв. Тэрийг нь харчихаад сандарсандаа цонхоо хаачихаад, ахиад нээж хартал "тэнцчихсэн" байлаа. Амьдралдаа 2 дахь удаагаа бүх чадлаараа өөртөө "Yes" гэж хашгирсан нь энэ байсан. Энэ сайхан мэдээгээ найзууддаа гэр бүлдээ хэлээд л бөөн баяр болсон.

-Г.Галбадрах: Энэ бол миний бодлоор том амжилт мөн шүү дээ?


-А.Амарбаяр:Энэ амжилтанд би дан ганцаараа хэзээ ч хүрэхгүй байсан байх. Аав ээжийнхээ ачаар эзэмшсэн боловсрол мэдлэг, өмнөх ажлын туршлага, хамт сурч байсан оюутан найзуудын туслалцаа, багш нарын зөвлөлгөө гээд олон зүйлс энд хүрэхэд минь тусласан. Гэхдээ энэ дундаас нэрийг нь дурдах ёстой хоёр хүн бий. Эхнийх нь одоо Finch Computing-д Lead Product Manager хийж байгаа М.Сувдмаа эгч. Анх 16 настай оюутан болоод ирж байхдаа М.Сувдмаа эгчийн бичсэн "Их Сургуульд хэрхэн тэтгэлгээр сурах" талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад, "Энэ эгч шиг амжилт олоод, сурч мэдсэн бүхнээ бусадтай хуваалцах юм сан" гэж бодож байлаа. Харин магистрийн хичээл дуусаад ажил хайх дөхөж байх үед өдөр оройн цагийг үл хайхран М.Сувдмаа эгч бидний 10-аад монгол оюутнуудад ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар үнэтэй зөвлөлгөө өгч байсан нь маш их тус болсон. Одоо ч гэсэн ажлын карьерийн талаар хааяа зөвлөлгөө авдаг юм. Нөгөөх нь Facebook-т ажиллаж байгаа, одоо маш сайн найзууд болсон Хонгор. Google, Facebook хоёрт ярилцлага өгөөд хоёулангаас нь ажлын байрны санал авсан туршлагаасаа бичсэн блогийг нь уншаад урам орж," Би ч бас их бага гэлтгүй сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй юм байна" гэсэн бодол бат төрсөн дөө. Ажилд орсныхоо дараахан 1 сард блог нээгээд ажлын ярилцлагад орсон туршлагаа бусадтай хуваалцах боллоо. Өнөөдрийг хүртэл блогийг минь 11 000 орчим хүн үзсэн байдаг бөгөөд боловсрол, ажил мэргэжил, ярилцлага, Америкт амьдрах талаар, тэр ч бүү хэл хүний нөөцийн бодлогын талаар олон хүмүүс холбогдож байсан. Энэ бүхнээс их урам авч хүмүүст чадах ядахаараа мэдлэг, мэдээллээ хуваалцаж байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт багахан ч атугай тус болбол тэгээд л зорилго минь биелнэ шүү дээ.

-Г.Галбадрах: Маш сайхан сэтгэл байнаа, Амараа. "Амазон" бол дэлхийд бренд болсон компаниудын нэг. Энд ажиллаж хэр хөгжиж байна даа?

-А.Амарбаяр: Ажилд ороод эхний үед жаахан санаа зовж байлаа. Яагаад гэвэл, хамт ажиллаж байгаа хүмүүс маань Harvard, Stanford8 MIT төгссөн, эсвэл Google, Facebook, Microsoft, Apple-д ажиллаж байсан туршлагатай, мундаг хүмүүс байв. Гэтэл миний бакалавр, магистраа төгссөн сургуулиуд маань рейтинг ч байхгүй, "хөдөөний" гэж нэрлэгддэг хотуудад байрлалтай сургууль шүү дээ. Би тэгээд тэдэнд өөрийн суралцаж төгссөн сургуулиа хэлтэл, " Айн!Тэнд чинь хүн амьдардаг юм уу?" гээд тоглож хэлээд инээнэ шүү дээ. Эхний хоёр сар бол "Яая даа" гэтлээ ажиллав. Маш их мэдээлэл дунд живчихэж байгаа юм шиг л санагдсан. Хүн өөрөө хичээгээд нэг зорилго тавиад түүнийхээ хойноос явахгүй бол, хоцрогдох эрсдэлтэй. Тэгэхээр байнга л өөрийгөө хөгжүүлж, шинийг мэдэж, гараасаа үр бүтээлтэй ажлуудыг гаргаж байх шаардлагатай болдог. Ажил дээр өнгөрүүлж байгаа 1 минут болгон хэрэгцээтэй байх ёстой. Эхний жил гэхдээ би их ч хичээж, сайн ажилласан. Үүнийг маань манай менежэрүүд хийсэн ажлаар минь дүгнээд тушаал дэвшүүлсэн юм. Ажилд ороод 6 сар болоод тушаал дэвших болзлоо хангачихсан байсан ч, зуныхаа амралтаар Монгол руу явчихсан байсан учир тэр боломжоо алдаад оны төгсгөл хүртэл хүлээх хэрэгтэй боллоо. Баг дотроо "ахлах инженэр" гэсэн тушаалд очиход, надтай адилхан тушаал дэвшсэн хүмүүс 3 жил ажиллаж байж тэр албан тушаал дээр очсон байдаг юм. Тэд надаас тоглоом шоглоомоор "Чиний нууц чинь юунд байна?" гэж асуухад нь, хариуд нь "Монголчуудад байна" гэж хэлээд инээчихдэг юм.

-Г.Галбадрах: "Амазон"д тушаал дэвших процесс нь яаж явагддаг болон компаныхаа талаар товч танилцуулж болох уу?

-А.Амарбаяр: Тушаал дэвших процесс нь их өвөрмөц. Яг шийдвэр гаргах 6-8 хүн нь намайг танихгүй, мэдэхгүй хүмүүс. Миний хийсэн бүх ажлуудын мэдээлэл, мөн хамт ажилласан хүмүүсийн сэтгэгдэл дээр тулгуурлаад шийдвэрээ гаргадаг. Үүн дээр нэмээд хэлэхэд, манай компани дэлхийн түвшинд өөрчлөлт шинэчлэлт, технологийн хувьсгалуудад том хувь нэмэр оруулж яваа компаниудын нэг нь. Жил болгон л шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн ирээдүйг тодорхойлж, залж байна шүү дээ. 2016 оны 12 сард PrimeAir гээд агаарны дроноор захиалсан барааг нь хүргэж өгдөг үйлчилгээг Англид туршилтын байдлаар нэвтрүүлсэн бол, уг сард AmazonGo гээд бараа аваад гарахдаа ямар нэгэн кассанд бичүүлж, төлбөр төлөх шаардлагагүй, шууд гараад явчихдаг дэлгүүрийг Сиэтл хотод нээлээ. Ийм компанид ажиллана гэдэг маш том аз завшаан бөгөөд, энэ чинээгээрээ сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нь өндөр юм. Гэхдээ энэ жил, эсвэл ирэх жилээс өөр салбрууд руу бас сонирхож үзэх бодол төрж байгаа.

-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа. Чи бол миний бахархаж, итгэж явдаг залуусын нэг нь. Чиний өмнө маш их ирээдүй байгаа гэдэгт итгэж байна. Чамд амжилт хүсье.


-А.Амарбаяр: Тантай уулзаж ярилцсандаа ч би баяртай байна. Би нэг их мундаг нь биш шүү дээ. Боловсролыг дэмждэг ухаантай аав ээжийнхээ итгэл найдварыг алдахгүй гэж хичээж яваа. Хүн өөртөө олдсон боломж бүрээ маш сайнаар ашиглаж чадвал амжилтад заавал хүрдэг гэдэгт итгэдэг. Харин боломж ирэхэд бэлэн байхгүй бол алдчих эрсдэлтэй. Өөрийгөө голох хэрэггүй шүү дээ. Өөрийгөө "Би юу ч хийгээгүй байна", "Юу ч мэдээгүй, сураагүй байна" гэж хэт их голох, эсвэл дарах хэрэггүй болов уу? гэж боддог. Тэгж байж л өөрийн олж авсан мэдлэг чадвар, туршлагаа их, бага гэлтгүй бусадтай хуваалцдаг болно. Харин тэр хуваалцсан багахан туршлага нь хэн нэгэнд урам зориг өгөх, хүсэл мөрөөдөлд хөтлөх, эсвэл амьдралд нь бага ч болов эерэг нөлөө үзүүлж чадвал зорилго чинь биелэлээ гэсэн үг. Дашрамд хэлэхэд, 2017 оны 3 сарын 18-20 нд залуустайгаа хамтраад "Америк дахь монголчуудын Хөдөлмөрийн Яармаг"-ийг 4 дэх удаагаа Сиэтл хотод зохион байгуулахаар өнгөрсөн 8 сараас эхлэн бэлтгэж байна. Энэ арга хэмжээ нь оюутан залуучууд болон ажил олгогч нарт маш хэрэгтэй, бас сонирхолтой үйл ажиллагаа болдог юм. Энэ нийтлэлийг уншиж байгаа АНУ-д сурч ажиллаж байгаа оюутан залууст болон Монголд байгаа ажил олгогч компаниудад бүгдэд нь нээлттэй гэдгийг мэдэгдэх гэсэн юм. Танд ч бас эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.


...Сүүлийн жилүүдэд дэлхийд алдартай мэдээллийн технологийн компаниудад монгол залуус олноороо ажиллаж байгаагийн нэгэн төлөөлөл нь А.Амарбаяр. Тэрээр хэдийгээр Америкийн алдартай бренд сургуулийг төгсөөгүй боловч, "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг хэлц үгийг амьдрал дээр нотолж яваа залуу. Амьдралд идэвхтэй байх, өөрийн мэдэж авсан ухаарал, ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах хүсэл нь түүний мөн чанарыг илэрхийлдэг. "Би өөрийгөө эхлээд сайн хөгжүүлэх хэрэгтэй байнаа. Магадгүй хэзээ нэгэн цагт тантай хамтарч ажиллах боломж олдох байх" гэж тэрээр надад хэлсэн юм. Түүний өмнө маш их ирээдүй байгаад би итгэлтэй байгаа. Бага наснаасаа л чанартай сайн гэж тооцсон бүхэн рүүгээ сонголт хийж, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлж байсан нь өнөөдрийн амжилт, маргаашийн сайн сайхан руу итгэлтэйгээр харах өөдрөг хандлагын суурь нь болсон байх. Миний анзаарснаар А.Амарбаяр бол хүсэл мөрөөдөлдөө яг л гал шиг асч яваа залуу. Тэр гал дунд өөрийгөө таньж, өөрийгөө хатуужуулж, өөрийн мөн чанараа хатааж яваа ган. Тэр олон залууст үлгэр жишээ болж, тусалж чадна.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
“Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.190.18)
    Номер нэг
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Хямралын эсрэг хамтдаа (182.160.5.46)
    httpCash4Visits.comref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    24 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    30 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    37 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    22 цаг 47 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    22 цаг 51 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    23 цаг 5 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    23 цаг 13 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    23 цаг 23 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    23 цаг 32 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК