Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой. Наадмын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, өнөөдөр тус цагт нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн юм. Энэ үеэр Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр бол түүхэн өдөр. Энэ наадам манай улсын хувьд шударга өрсөлдөөн, амжилт, эв нэгдлээр түүчээлсэн түүхэн үйл явдал болж байгааг цохон тэмдэглэе. Залуучуудын наадам бол нөхөрлөл, эв нэгдлийн илэрхийлэл. Өөр хэлээр ярьдаг, өөр газраас ирсэн, өөр соёл заншилтай ч биднийг спорт, хүндлэл нэгтгэдэг" гэв.