"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны сонсгол эхэллээ. Уг сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд зэрэг нийт 150 гаруй албан тушаалтан гэрчээр оролцож буй. Сонсголын эхэнд шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
Эм импортлогчдын тоо сүүлийн гурван жилд өссөн. 2022 онд хамгийн их буюу 8,638 тонн эм импортолсон. Нэг кг эмийн үнэ ам.доллароор 2021 онд хамгийн өндөр буюу 39 байсан бол 2022 онд хамгийн бага буюу 16 болж буурсан байна. Импортолсон эм төгрөгөөр 2020-2021 онд 1.6 дахин өссөн бөгөөд түүнээс хойш тогтмол өсөлттэй байна.
Сүүлийн таван жилийн байдлаар Словен, ХБНГУ, БНСУ, ОХУ, Энэтхэг улсаас хамгийн их эм импортолжээ.
Харин сүүлийн таван жилд хамгийн их үнийн дүнгээр эм импортолсон компани "Моносфарм трейд" байна хэмээн танилцууллаа.