Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-уудаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Өнөөдрөөс эхлэн шинийн 15-ныг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы өмнө заларч буй бурхан багшийн дүрүүдэд усан тахил өргөх үйл ажиллагааг зохион байгуулж, сүсэгтэн олныг урив.
Тавдугаар сарын 23-нд буюу Бурхан багшийн их дүйчин өдрөөр монголын бурхны шашинтнууд, сүсэгтэн олон, 10:30 цагт төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал зохион байгуулна.
Лам хуврагууд жагсагчдад сэтгэл засах зан үйлийг үйлдэх, Их эзэн Чингис хаан тэргүүтэнд "Чингисийн сан" айлдах, уран бүтээлчид урлагийн үзүүлбэр толилуулна. Жагсаал төв талбайгаас Гандантэгчэнлин хийдэд ирж, өндөрлөнө. Гандантэгчэнлин хийдийн талбай, Батцагаан дуганы өмнө бурхан багшийн их дүйчин өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ.
Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж, буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, дацан, ТББ-ууд эмзэг давхаргын иргэд, хорих ангиудад сэтгэл заслын сургалт, эмнэлгийн газруудыг тохижуулах, тоног төхөөрөмж хандивлах, лам хуврагууд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил иргэдээс ном цуглуулж хорих ангиудад хүргэх, номоор дамжуулж тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах аж.