
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгон болон Цогт суманд ямааны гоц халдварт годрон өвчин бүртгэгдэж, халдварын голомтод 3000 гаруй ямааг устгалд оруулсан талаар мэдээлээд байна. Энэ нь ялангуяа ямаанд хүндээр тусдаг, амьсгалын замын эрхтнийг гэмтээдэг халдварт өвчин бөгөөд малчдын хувьд богино хугацаанд олон малд тархах эрсдэлтэй өвчний нэг юм.
Годрон гэж ямар өвчин бэ?
Шинжлэх ухааны нэршлээр Contagious Caprine Pleuropneumonia (CCPP) буюу ямааны халдварт плевропневмони гэж нэрлэдэг. Өвчнийг Mycoplasma capricolum subsp. capripneumoniae гэдэг нян үүсгэдэг. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH) годроныг ямаанд хүнд өвчлөл, үхэлд хүргэх боломжтой өвчин гэж бүртгэдэг. Годрон нь хүнд халдварладаггүй. Өөрөөр хэлбэл энэ өвчний улмаас хүн өвчлөх буюу хүнээс хүнд дамжих эрсдэлгүй.
Яаж халдварладаг вэ?
Өвчин голчлон өвчилсөн ямааны амьсгалын замын шүүрэл, дуслаар дамжина. Өвчтэй малтай ойр байсан эрүүл ямаа амьсгалах үедээ халдвар авах боломжтой. Иймээс нэг хот айл, сүрэгт гарсан тохиолдолд ойр орчмын ямаанд тархах эрсдэл өндөр. Өвчний тархалтыг хязгаарлахад халдвартай бүсээс мал шилжүүлэхгүй байх, өвчтэй болон сэжигтэй малыг тусгаарлах, мал эмнэлгийн байгууллагын зааврыг мөрдөх нь чухал.
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Өвчилсөн ямаанд дараах шинж тэмдэг илэрч болно.
өндөр халуурах
хоолонд дургүй болох
ханиалгах
амьсгал давчдах, хүндээр амьсгалах
хамраас шингэн, салст болон идээт шингэн гарах
сульдах, хөдөлгөөн багасах
хүндэрсэн үед үхэх
Монголын Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мэдээлэлд мөн өвчилсөн ямаа хөдөлж чадахгүй болох, хөлөө солбин гуйвах, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс гарах зэрэг шинж тэмдэг илэрч болохыг мэдээлсэн байна.
Яагаад аюултай вэ?
Годрон маш хурдан тархаж, сүрэгт өндөр өвчлөл, хорогдол үүсгэх боломжтой. Өвчин хүндэрсэн үед уушги болон гялтангийн үрэвсэл үүсч, амьсгалын үйл ажиллагаа ихээр алдагддаг. Өвчнийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг бөгөөд ижил төстэй шинж тэмдэгтэй бог малын мялзан, хэл хөхрөх өвчин, цусан халдвар болон уушгины бусад өвчнөөс ялган оношлох шаардлагатай.
Малчид юу хийх ёстой вэ?
Хамгийн гол нь өвчний шинж тэмдэг илэрсэн малыг бусад малаас тусгаарлаж, өөрсдөө дур мэдэн нүүлгэхгүй, худалдахгүй, нядлахгүй байх хэрэгтэй.
Сэжигтэй тохиолдол илэрвэл харьяа сумын мал эмнэлгийн байгууллагад нэн даруй мэдээлж, мэргэжлийн байгууллагын өгсөн хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт болон халдваргүйтгэлийн дэглэмийг мөрдөх шаардлагатай. Монголын Мал эмнэлгийн ерөнхий газар мал эмнэлгийн тусламжийн 7505-6655 утсыг мэдээлсэн байна.
Товчхондоо, годрон нь хүнд халдварладаг өвчин биш боловч ямааны сүрэгт маш ноцтой хохирол учруулж болзошгүй гоц халдварт өвчин юм. Тиймээс малын хорогдол, амьсгалын замын шинж тэмдгийг үл тоомсорлохгүй, өвчний сэжиг илэрсэн даруйд малын эмчид мэдэгдэх нь хамгийн чухал.
Л.Баяр





















































