
2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтдоо Германы шигшээ багт 7:1-ийн харьцаагаар ялагдсан Кюрасаогийн шигшээ баг олон хүний анхаарлыг татлаа. Хэдийгээр хөлбөмбөгийн ертөнцөд том гүрэн биш ч Кюрасао улс өөрийн гэсэн өвөрмөц түүх, соёл, байгалийн үзэсгэлэнгээрээ Карибын бүсийн хамгийн сонирхолтой газруудын нэг юм.
Түүхээс:
Карибын тэнгист орших Кюрасао арал нь хэдэн мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан түүхтэй. Анхны оршин суугчид нь Өмнөд Америкийн эх газраас нүүдэллэн ирсэн Аравак угсааны кайкетио омгийн хүмүүс байв. Тэд өнөөгийн Венесуэлийн нутгаас аралд суурьшиж, ан агнуур, загасчлал болон газар тариалан эрхэлдэг байжээ.

1499 онд Испанийн далайчин Алонсо де Ожеда Кюрасаог нээж, Испанийн эзэнт гүрний мэдэлд оруулсан байна. Гэвч аралд алт, мөнгө зэрэг үнэт баялаг олдоогүй учир Испаничууд төдийлөн хөгжүүлээгүй бөгөөд зарим уугуул иргэдийг боолын хөдөлмөрт дайчилж байв.
.jpg)
1634 онд Нидерландын Баруун Энэтхэгийн компани аралд хяналтаа тогтоож, Кюрасао Нидерландын колони болжээ. Үүнээс хойш тус арал Карибын бүсийн худалдааны чухал төв болон хөгжсөн бөгөөд боолын худалдааны зангилаа цэгүүдийн нэг болсон түүхтэй. XVII-XVIII зууны үед Африкаас авчирсан боолууд, Европын худалдаачид, Латин Америкийн цагаачид суурьшсанаар өнөөгийн Кюрасаогийн олон үндэстэн, олон соёлт нийгмийн үндэс бүрджээ. Энэ үед папьяменто хэл үүсэж хөгжсөн гэж үздэг.
XIX зуунд боолчлолыг халсны дараа арал эдийн засгийн шинэ чиглэл хайж эхэлсэн бөгөөд XX зууны эхээр Венесуэлийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд байгуулагдсанаар Кюрасаогийн хөгжил эрчимжив. 2010 оны 10 дугаар сарын 10-нд Нидерландын Антилын арлуудын холбоо татан буугдаж, Кюрасао нь Нидерландын хаант улсын бүрэлдэхүүн дэх өөртөө засах статустай улс болсон. Өнөөдөр тус улс дотоод засаглалаа бие даан хэрэгжүүлдэг боловч батлан хамгаалах болон гадаад харилцааны зарим асуудлыг Нидерланд хариуцдаг.
Кюрасао нэрийн гарал үүслийн талаар хэд хэдэн таамаг байдаг. Хамгийн түгээмэл тайлбар нь португал хэлний "coração" (зүрх) эсвэл испани хэлний "corazón" (зүрх) үгтэй холбоотой гэх үзэл юм. Мөн далайчид энэ арлыг өвчнөөс эдгэрэх газар хэмээн үзэж, "эдгэрэлтийн арал" гэсэн утгатай нэр өгсөн байж болох тухай домог ч байдаг. Ийнхүү Кюрасао нь уугуул америкчууд, Европын колоничлол, Африк гаралтай иргэд болон Карибын соёлын нөлөө нийлсэн өвөрмөц түүхтэй улс болж хөгжжээ.

Кюрасао нь Өмнөд Америкийн Венесуэлийн эргээс хойд зүгт орших Карибын тэнгисийн арал бөгөөд Нидерландын Хаант Улсын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг ажээ. Тус улс ойролцоогоор 150 мянган хүн амтай бөгөөд нийслэл нь Виллемстад хот. Виллемстадын өнгө өнгийн барилгууд, далайн эргийн үзэмж нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
Кюрасаогийн хамгийн онцлог зүйл бол олон үндэстэн, олон соёлын нөлөө юм. Тус аралд нидерланд, испани, африк болон латин америк гаралтай иргэд хамтран амьдардаг бөгөөд папьяменто, нидерланд, англи хэл өргөн хэрэглэгддэг. Папьяменто хэл нь испани, португал, нидерланд болон африк хэлнүүдийн нөлөөгөөр үүссэн өвөрмөц хэл юм.

Жуулчдын хувьд Кюрасао нь тунгалаг цэнхэр ус, шүрэн хад, шумбалтын гайхамшигт бүсүүдээрээ алдартай. Жилийн турш дулаан уур амьсгалтай тул Карибын тэнгисийн хамгийн эрэлттэй аялал жуулчлалын чиглэлүүдийн нэгт тооцогддог. Спортын тухайд бейсбол болон хөлбөмбөг хамгийн түгээмэл. Хэдийгээр хүн ам цөөн ч Кюрасаогоос дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарсан байдаг. Ялангуяа бейсболын спортод олон тоглогч нь Хойд Америкийн мэргэжлийн лигүүдэд амжилттай тогложээ.

Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн хөгжилдөө ихээхэн анхаарч, шигшээ баг нь КОНКАКАФ-ын бүсийн тэмцээнүүдэд тогтмол оролцох болсон. 2026 оны ДАШТ-д оролцсон нь тус улсын спортын түүхэн дэх хамгийн том амжилтуудын нэг гэж үнэлэгдэж байна.
Хэдийгээр Германтай хийсэн тоглолтод хүндхэн ялагдал хүлээсэн ч дэлхийн аваргын тайзнаа гарч чадсан нь Кюрасао улсын хувьд бахархалтай үйл явдал бөгөөд ирээдүйд Карибын бүсийн хүчирхэг багуудын нэг болох зорилгыг улам ойртуулж байна.
Тус улсын талаарх сонирхолтой гэрэл зургууд:





Л.Баяр





















































