
Хиймэл оюун ухаан зөвхөн мэдээлэл боловсруулах, зураг бүтээх, хэл орчуулах зэрэгт ашиглагдахаас гадна харааны бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралд бие даасан байдлыг нэмэгдүүлэх шинэ боломж болж байна. Хонконгод хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөнд туслах зориулалттай хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд хөгжиж, туршигдаж байна. Тэдгээрийн нэг нь орчныг мэдрэх, саад тотгорыг илрүүлэх, хэрэглэгчийг чиглүүлэхэд туслах ухаалаг системүүд юм.
Хонконгийн Политехникийн их сургуулийн судлаачид өмнө нь хараагүй хүмүүст зориулсан дөрвөн хөлт робот нохойг туршиж, хэрэглэгчийг дагуулан явах боломж, удирдлагын тав тух болон хүн-роботын харилцан итгэлцлийг судалж байжээ.
Мөн Хонконгод хиймэл оюун ухаант камер, ухаалаг таяг зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан харааны бэрхшээлтэй хүнд зам чиглүүлэх, орчны мэдээллийг дуугаар хүргэх шийдлүүд хөгжиж байна. Ийм систем нь камер болон мэдрэгчээр дамжуулан орчны мэдээллийг боловсруулж, хэрэглэгчид саад байгаа эсэх, хаашаа явах зэрэг мэдээллийг өгөх боломжтой.
Харин сүүлийн үеийн технологийн хөгжлийн нэг онцлог нь төхөөрөмжийг аль болох жижиг, өдөр тутам хэрэглэхэд хялбар болгох явдал юм. Жишээлбэл, Хонконгод хөгжүүлсэн хиймэл оюун ухаант зүүдэг төхөөрөмжүүдийн зарим нь орчныг бодит цагт тайлбарлаж, объект болон саад тотгорыг танихад ашиглагдаж байна.
Энэ төрлийн технологи хөгжсөнөөр хараагүй хүн бусдын тусламжаас хамааралгүйгээр гудамжаар зорчих, замын тэмдгийг таних, орчноо ойлгох зэрэг өдөр тутмын үйлдлээ илүү бие даан хийх боломж нэмэгдэнэ.
Гэхдээ хиймэл оюун ухаант туслах төхөөрөмж нь хүний харааг бүрэн орлох технологи хараахан биш. Камер, мэдрэгч, программын алдаа, интернет болон батарейн хамаарал зэрэг эрсдэлүүд хэвээр байгаа тул эдгээрийг улам боловсронгуй болгох шаардлагатай.
Л.Баяр





















































