
Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханыг шоронгоос Исламабад дахь Shifa International Hospital хувийн эмнэлэгт эмчлүүлэхээр шилжүүлжээ. Түүнийг наймдугаар сарын 20-ны пүрэв гаргийн шөнө буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор эмнэлэгт хүргэсэн байна.
73 настай Имран Хан 2023 оны наймдугаар сараас хойш Равалпинди хотын Adiala шоронд хоригдож байгаа юм. Түүний эрүүл мэнд, ялангуяа баруун нүдний хараа муудсан асуудал сүүлийн саруудад анхаарлын төвд оржээ. Түүний нам болох Pakistan Tehreek-e-Insaf (PTI) болон гэр бүлийнхэн нь удаа дараа нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэхийг шаардсан байна.
Пакистаны Дээд шүүх наймдугаар сарын 18-нд Имран Ханыг хувийн эмнэлэгт шилжүүлж, таван мэргэжлийн эмчээс бүрдсэн эмнэлгийн зөвлөлөөр үзүүлэхийг үүрэг болгосон. Мөн түүний хувийн эмч Файсал Султан болон эгч Узма Ханыг эмчилгээний үйл явцад оролцуулахыг зөвшөөрчээ. Гэвч Пакистаны Засгийн газар уг шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд дахин хянуулах хүсэлт гаргасан байна. Засгийн газар хоригдлыг хувийн эмнэлэгт шилжүүлэх нь хуульд нийцэхгүй бөгөөд бусад хоригдлуудтай холбоотой ижил шаардлага үүсгэж болзошгүй гэж үзжээ.
Гэсэн хэдий ч Засгийн газрын парламентын асуудал эрхэлсэн сайд Тарик Фазал Чаудри шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайд Шехбаз Шариф шүүхийн шийдвэрийг зөрчих эрхгүй хэмээн тайлбарласан байна.
Имран Хан 2018-2022 онд Пакистаны Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2022 оны дөрөвдүгээр сард итгэл үзүүлэх санал хураалтаар албан тушаалаасаа огцорсон. Тэрээр өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэргүүдийг улс төрийн зорилготой гэж үздэг бол эрх баригчид үүнийг үгүйсгэдэг.
Л.Баяр























































