
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид наймдугаар сарын 12-нд явган аялал хийхээр гараад сураггүй болсон 18 настай Лили Хуперийн цогцсыг найман өдрийн эрлийн эцэст олжээ. Лили Хупер Сидней хотын баруун өмнөд хэсэгт орших Окдэйл дэх гэрээсээ Наттай үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү ганцаараа аялал хийхээр явсан байна. Тэр орой гэртээ буцаж ирээгүй бөгөөд утсаар нь холбогдох боломжгүй болсон тул ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэн аж.
Түүний автомашиныг Боннум-Пик явган аяллын замын эхэнд, Вангандерри-роудын орчимд олсон байна. Улмаар цагдаа, Онцгой байдлын алба, Гал түймэртэй тэмцэх алба, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд болон Австралийн Батлан хамгаалах хүчний алба хаагчдыг оролцуулсан өргөн хэмжээний эрлийн ажиллагаа эхэлжээ. Эрлийн ажиллагаанд нийтдээ 1,000 орчим хүн оролцсон байна.
Наймдугаар сарын 20-ны өглөө эрлийн багийнхан өтгөн ой модтой, бартаатай газраас нэг хүний цогцос олсон байна. Цогцсыг албан ёсоор таньж баталгаажуулаагүй байгаа ч цагдаа нар Лили Хуперийнх гэж үзэж байна. Түүний нас барсан шалтгаан болон бэртэл авсан эсэх одоогоор тодорхойгүй байна. Хэргийг шүүх эмнэлэг болон коронерийн байгууллагаар шалгуулахаар болжээ.
Цогцос олдсоны дараа эрлийн багийнхны мэдээлэл буруу дамжсанаас болж Лилиг амьд олсон гэсэн мэдээлэл цагдаа, ар гэрийнхэнд хүрчээ. Үүний дараа Шинэ Өмнөд Уэльсийн Ерөнхий сайд Крис Миннс парламентын үеэр Лилиг амьд олсон тухай баяртай мэдээг зарласан байна. Гэвч хэдхэн минутын дараа мэдээлэл буруу болохыг мэдэж, охины цогцос олдсон гэдгийг зарлан, гэр бүлээс нь уучлалт хүсжээ.
Цагдаагийн байгууллага мөн уг мэдээллийн алдаанд “ямар ч нөхцөлгүйгээр” уучлал хүссэн байна. Албаны хүмүүсийн тайлбарласнаар өтгөн ой, радио холбооны хүндрэл болон эрлийн багийнхны хоорондын мэдээлэл дамжуулалтын алдаа энэ будлианыг үүсгэжээ. Лилиг туршлагатай явган аялагч байсан гэж цагдаа нар мэдээлсэн бөгөөд түүний үхэл болон эрлийн ажиллагааны үеэр гарсан харилцаа холбооны алдааг тусгайлан шалгахаар болжээ.
Л.Баяр























































