
Япон улс ажиллах хүчний хомсдолоо нөхөхийн тулд гадаадын иргэдийг татах бодлого хэрэгжүүлж байгаа ч цагаачлал, оршин суухтай холбоотой дүрэм журмаа улам чангатгаж эхэлжээ. Тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн тоо 2025 онд 4.13 саяд хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Хүн амын насжилт нэмэгдэж, төрөлт буурсан нь Японы хөдөлмөрийн зах зээлд гадаадын ажиллах хүчний хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм.
Гэсэн хэдий ч Японы Засгийн газар гадаадын иргэдийн оршин суух нөхцөл, визний журам болон байнгын оршин суух эрхийн шалгуурыг чангатгаж байна.
Тухайлбал, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээ санаатайгаар, удаа дараа төлөөгүй гадаадын иргэдийн байнгын оршин суух эрхийг цуцлах боломжтой болох зохицуулалт 2027 оны дөрөвдүгээр сараас хэрэгжихээр болжээ.

Мөн визний хураамжийг нэмэгдүүлсэн байна. Нэг удаагийн визний төлбөр 3,000 иенээс 15,000 иен, олон удаагийн визний төлбөр 6,000-аас 30,000 иен болж өсжээ.
Үүнээс гадна Японд бизнес эрхлэх зорилгоор олгодог “Business Manager” визийн шаардлага ч өндөр болсон байна. Уг виз авахад шаардагдах хөрөнгийн доод хэмжээг 5 сая иенээс 30 сая иен болгон нэмэгдүүлжээ.
Ийнхүү Япон улс хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн дутагдлаа нөхөхийн тулд гадаадын ажиллах хүчийг шаардсаар байгаа ч урт хугацаагаар суурьших, бизнес эрхлэх хүмүүст тавих шалгуураа нэмэгдүүлж байна.
Л.Баяр

























































