
Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Хэргийг сануулбал, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсан. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь хойш буюу таван жил шадар туслахыг нь хийсэн юм. Энэ утгаараа түүнийг Н.Энхбаярын гэгдэх “Ремит” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Өргөө зочид” буудлыг хариуцан ажиллуулж, хувьчлахад гар бие оролцсон гэсэн үндэслэлээр саатуулсан билээ. Б.Тулгыг саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын өмнө удаа дараалан жагсаал зохион байгуулж байсан юм. Тэгэхдээ прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэмээн буруутгагдсан байна.

-Шүүх хурал дахин хойшиллоо. Ямар үндэслэлээр хойшлов?
-Бидэнтэй хамт шүүгдэх З.Баянсэлэнгэ МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр хоригдсон. Тиймээс түүнийг суллагдахаар шүүх хурлыг явуулахаар болсон.
-Ер нь дараагийн шүүх хурлын тов гарсан юмуу?
-Гарсан. З.Баянсэлэнгэ пүрэв гаригт суллагдана. Тиймээс шүүх хурлыг баасан гаригийн 11.00 цагаас хийхээр товлосон.
-Та бүхэнд хэн өмгөөлөл үзүүлж байгаа вэ?
-Одоогоор сонгож амжаагүй байна. Намынх гэхээр өмгөөлөгчид бидэнд өмгөөлөл үзүүлэхээс татгалзаад байна.
Б.Чимэг