
Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-гийн хооронд хамтран хэрэгжүүлж буй “Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, түүний санхүүжилтийн талаар талууд санал солилцоно.
Энэхүү цогц хөтөлбөр нь экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг ханган, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ядуурлыг бууруулах зорилготой.
Тус байгууллагын ерөнхий захирал Кандэ К.Юмкелла Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхахаас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нартай уулзана.
Кандэ К.Юмкелла манай орны аж үйлдвэрийн салбарын асуудал эрхэлсэн төрийн яамд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаач, оюутнууд, Улаанбаатар хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтнуудад зориулан “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого” сэдвээр ГХЯ-нд лекц уншина.
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла-д “Хүндэт профессор” цол олгох юм.