
Тууштай, түрэмгий, маргаантай, хэрцгий.
Эдгээр тодотгол үгнүүд Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Саркози, Ф.Олланде нарын хооронд телевизийн шууд эфирээр ард түмэнд хүрсэн халз тулааны тодорхойлолт.
Эхний минут. Ф.Олландегийн хянамгай, жаахан уйтгартай үг тайлбарыг гурван түлхүүр үгээр илэрхийлж болно. Тэрээр үнэнч шударга, сэргэлт, эв нэгдэл гэсэн гурван үг, ойлголтыг баримтлан Н.Саркози руу дайралт хийж байлаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын төлөө улайрч буй хоёр эрхэмд сонгогчдын өгч байгаа оноог тусгай програмын дагуу боловсруулж, харуулж, өөрчлөлтийг түргэн шуурхай шинэчилж байлаа.
Эдийн засаг гэсэн сэдвийн хүрээнд, ноён Ф.Олланде таван жилийн хугацаанд 60 мянган ажлын байр бий болгож, баян чинээлэг иргэдийг татвараас чөлөөлөх, Олон нийтийн банкийг үүсгэн байгуулж шинэ төсөл хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.
Түүний өрсөлдөгч Н.Саркози: Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, хөдөлмөрчдийн цалинг нэмнэ хэмээн төлөвлөж байгаагаа дурдлаа.
Европын асуудлын тухайд, ноён Ф.Олланде улсын төсвийг батлахдаа зээлийн талаар эргэн харах, Европын холбооны бодлогыг шинэчилнэ гэдгээ илэрхийллээ.
Түүний хариуд Н.Саркози түүн рүү дайралт хийв. Хэрвээ чи хувь заяагаа хянахыг хүсч байвал эхний ээлжинд өрөнд унах болно гэж хэллээ.
Нэг асуудалд ижилхэн хариулт өгсөн нь цагаачлалыг бууруулахаа амласан юм. Муслим гаралтай хүн амыг сонгож үйлчилгээний салбарт ажиллаж буй эрэгтэй, эмэгтэйчүүдийг нь салгана гэдгээ ноён Н.Саркози мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг сонссон Ф.Олланде: Н.Саркози Муслимчуудыг муухай доромжиллоо гэсэн юм.
Цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн талаар ноён Ф.Олланде атомын цахилгаан станцаас Францын хамааралыг бууруулж чадна гэж бардам хэллээ. Тэрээр цааш нь ногоон ирээдүй, хөгжлийн дэмжиж байгааг ч илэрхийлсэн.
Ингээд хоёр дэвшигчийн одоогийн рейтингээр Ф.Олланде 7 хувиар илүү байна. Тэр ялна гэж үү? Францын ерөнхийлөгч Н.Саркози огцрох уу?
Г.Мөнхтуяа