
УИХ-ын чуулганаар Ц.Нямдорж сайдыг огцруулах талаар хэлэлцэж байх үеэр З.Алтай гишүүн АН-ын гишүүд рүү баахан бараан үг “чулуудав”. Тэрбээр “АН-ынхан ёс зүй гэж нэг их сүртэй яриад байх юм. Та нар өөрсдөө хэзээ ёс зүйтэй байсан юм. Хэрэв хариуцлага тооцно гэвэл найз нар аа, хамт л хариуцлага тооцно шүү. Танай намын дарга Н.Алтанхуяг сонгууль болно гэдгийг мэдсээр байж юу ч хийгээгүй. Худлаа идэж уугаа л биз. Тэгсэн хэрнээ одоо энэ хүнийг олуулаа бөөрлөхөж хөгийн зан гаргаж байна. Одоо битгий энхийн цагаан тагтаа болоод бай. Ажил хийе гэсэн хүнийг хийлгэхгүй байсан юм бол гурван жил яах гэж зүгээр идэж, уусан юм. Сонгууль тулчихаад байхад сайдаа авч хаячихаад хэнийг тавих гээд байгаа юм. Ийм байхад хүн рүү дайраад хувийн өсөн хонзон авах гэсэн хүмүүс байна шүү” гэлээ. Мөн “Зарим хүн гишүүний дархан эрх ч гэх шиг хачин юм яриад байна. Ард түмнээс сонгогдсон байж хуруугаа ч хүргэж болохгүй юм уу? Тэнгэрээс буусан юм шиг гомдоллохоо больё” гэв.
Харин түүнийг үгээ хэлж дууссан дараа С.Эрдэнэ гишүүн “Архи уучихаад чуулганд сууж, элдэв юм ярихаа болих хэрэгтэй” гэж шүүмжлэв. Тэгмэгц МАН-ын гишүүд бие даагч З.Алтай гишүүнийг өмөөрч “шударга үг хэлсэн хүнийг битгий ингэж халамцуу, согтуугаар нь дуудаж бай” гэж нэг хэсэг шуугиан дэгдээгээд авав.
Сэтгэгдэл (1)