МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр урьдчилан хорих 461 дүгээр ангийн
эмнэлэгт шилжүүлсэн ч биеийн байдал нь дээрдээгүй, харин улам муудсаар
байгаа талаар МАХН-ын удирдлагууд мэдээллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлсэн ч биеийн байдал нь дээрдээгүй, харин улам муудсаар байгаа талаар МАХН-ын удирдлагууд мэдээллээ. Тэд МАХН-ын байранд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ тухай мэдэгдсэн юм. Урьдчилан хорих төвийн эмч нар өнөөдөр оройн 18.30 цагт Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа талаар танилцуулжээ. Тэдний хэлснээр Н.Энхбаяр ухаангүй байгаа бөгөөд цусан дахь билирубины гэдэг бодисын хэмжээ нь ихэсч, энэ нь үхэлд хүргэж болзошгүй хэмжээнд байгаа аж. Хүний цусан дахь билирубины хэмжээ 0-17 мкмоль/л байвал хэвийн
гэж үздэг бол Н.Энхбаярын хувьд 51 мкмоль/л буюу маш аюултай байдалд байгаа гэлээ. Өлсгөлөн зарлаад 50 гаруй цаг болсон түүнийг яаралтай мэргэжлийн тоног төхөөрөмжтэй эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгааг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нарын хүмүүс хэлсэн юм.