
Учир нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын нөхөдтэйгээ хамтран 2012 оны сонгуульд МАН-ыг газар шороодуулах сценарийг бичиж байгаа гэх. Н.Энхбаяр нэгэн цагт Н.Багабандитай нийлээд АН-ын дөрвөн Засгийн газрыг байгуулж айл гэр болж тоглосон шигээ л байсан. Түүх давтагддаг гэдэг үнэн аж. Өнөөдөр Ц.Элбэгдорж МАН-ыг нэрээ солих ажиллагааг нь далимдуулж хуучин нэрийг экс удирдлагад нь өгч томоохон ангалд авчирлаа гэх нь байна. Тэгээд ч зогсохгүй МАН-ын УИХ-ын гишүүдийг МАХН-д элсүүлж дөнгөсөн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат хоёрт шахалт үзүүлсэн гэж тайлбарлагсад Засгийн газрын ордноор олон байна. “Хэрэв МАХН-д орохгүй бол Ч.Улааныг Ч.Баатарын хэрэгтэй, О.Чулуунбатыг “Гандирас” хэмээх төсөлтэй нь холбогдож байсан түүхийг сөхөж, авлигалын хэргээр шалгах болно. Харин МАН-аасаа гарчихвал энэ хэргийг сөхөхгүй гэж айлгасан. Ерөнхийлөгчийн энэ шахалтаас болж Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-д элссэн. Тэд үзэл бодолдоо үнэнч, Н.Энхбаярт хайртаадаа элсээгүй” гэсэн гаргалгааг гаргаад ирж.
Гэхдээ ийм тайлбар хийгсэд үүнийгээ батлахгүй, “бор шувуу нисгэх” хэлбэрээр л түгээгээд байгаа бололтой. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нарыг МАХН-д элссэн шалтгааныг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоод эхэлчихэж. Хэрэв энэ мэдээлэл өргөжөөд ирвэл Ерөнхийлөгчийн тамгын газрынхан тайлбар хийх биз.
Үүний зэрэгцээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нарыг муулах гэсэн компанит ажил эрчимтэй өрнөж буйг захын хэвлэлийн булангаас харж болохоор байна. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ч АН-ын гишүүд энэ асуудлыг сөхөж ярьсан юм. Тухайлбал, МАН-ын цөс ихтэй гишүүний нэг, аавынхаа хөрөнгөөр туйлагч гэгддэг Н.Номтойбаяр залуусаасаа хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва нарыг “тийм нөлөөтэй үлгэр жишээч гишүүд байгаагүй. Бид тэднийг шүүх бус ард түмэн, сонгогчид нь дүн тавина. Ямар дүн тавьж байгаа нь ойлгомжтой. Дунд гэсэн дүнгээс хэтрэхгүй шүү дээ” хэмээн хэлсэн. Ийнхүү МАН-аас явсан хүмүүсийн гарсан шалтгааныг тодруулах гэсэн хардлага нэг хэсэгтээ л тасрахгүй бололтой.
X.Номин