
Одоогийн байдлаар Үндэсний аудитын газарт нийтдээ 13 мөрийн хөтөлбөр хянагдаж байгаа аж. Үүний 11 нь намынх, хоёр нь эвслийнх гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол 6 намын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хянаж дуусжээ. Тэдний бараг бүгдээс нь бэлэн мөнгөний амлалтын зөрчил илэрсэн байна. Үлдэж байгаагаас нь ч гэсэн ийм зөрчил илрэх нь тодорхой гэнэ. Тиймээс Үндэсний аудитын газар ихэнх намын мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтууд дээр хориг тавих нь ойлгомжтой байгаа аж. Гэхдээ Үндэсний аудитын газар ямар намуудын мөрийн хөтөлбөрийн аль заалтад хориг тавьснаа нийтэд мэдээлэхгүй зөвхөн удирдлагад нь танилцуулж засуулахаар төлөвлөжээ. Учир нь нийтэд мэдээлбэл тухайн намын рейтингд нөлөөлөхөөс гадна эерэг, сөрөг сурталчилгаа болно гэж болгоомжилж байгаа гэнэ.