Агнуурын тэнгист явсан Оросын хөлөг онгоц Камчаткын эрэгт өнгөрсөн шөнө осолдсоноор 54 хүн амиа алдсан нь батлагдсан тухай “RT” агентлаг мэдээллээ. “Дальний Восток” нэртэй загас агнуурын онгоцны ослын газраас нийт 117 хүнийг уснаас гаргасан бөгөөд тэдний 63 нь амьд үлдсэн хүмүүс байжээ.
Оросын онцгой байдлын яамны төлөөлөгчийн мэдээлснээр Камчаткийн дивиз аврах ажиллагаанд дайчлагдсан бөгөөд үлдсэн 15 хүний цогцсыг үргэжлүүлэн хайж байгаа аж. “Дальний Восток” онгоцонд нийт 132 хүн явсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Аврагдсан хүмүүсийг нисдэг тэргээр Магадан хотын эмнэлэгт хүргэсэн байна. Гэвч онгоцны сүйрэлд хүндээр гэмтэж бэртсэн болон далайн усанд биеийн хэвийн дулаанаа алдсан олон хүн байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн үзэж байна.
Ослын газарт 26 нисдэг тэрэг ажиллаж байна. Түүнчлэн аврах багийнхан дулаан хантаазтай хэдий ч 20 минутаас илүү хугацаанд усанд байж чадахгүй ээлжилж байгаа тухайгаа ярьжээ. Тиймээс сураггүй болсон 15 хүнийг амиа алдсанд тооцож цогцсыг нь хайж байгаа юм.
“Дальний Восток” хөлөг нь 1989 онд ашиглагдаж эхэлсэн бөгөөд 104.5 метр урт, 16 метр өргөн, 5720 тонн усан түрцтэй аварга онгоц аж. Одоогоор ослын шалтгааны тухай ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Г.Үжин