P5+1 болон Иран улсын Гадаад хэргийн сайдууд энэ долоо хоногт Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцлээ. Чуулга уулзалт хугацаандаа хэлэлцээрээ
баталж амжаагүй ч дахин нэг өдөр сунгаснаар хэлэлцээрт хүрч чадсан байна.
Энэ тухай “Удаан хэлэлцсэний эцэст талууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч чадлаа” хэмээн ВВС мэдээлжээ.
Иран болон зуучлагч зургаан орны (АНУ, Их Британи, Герман, ОХУ, Франц, Хятад) томоохон хэмжээний уулзалт Швейцар улсын Лозанн хотод болсон юм.
Европын холбооны Гадаад бодлогын албаны дэд төлөөлөгч Федерика Могерини хэлснээр дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчид Ирантай эцсийн тохиролцоонд хүрэх суурь шийдлүүдийг гаргахаар ажилласан гэжээ. Төлөөлөгчид зорилгодоо амжилттай хүрсэн бөгөөд дараах тохиролцоонд хүрсэн байна.
1. Иран уран баяжуулахад ашигладаг центрифугийн тоог гуравны хоёроор багасгаж, ураны нөөцөө бууруулах.
2. Хэрэглээнээс хассан центрифугийг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн хяналтад байдаг агуулахад байрлуулах.
3. Ираны цөмийн байгууламжууд бүгд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тогтмол хяналт, үзлэгт хамрагдаж байх.
4. Зэвсгийн зэрэглэлийн плутони үйлдвэрэлэхээс сэргийлж Иран Арак дахь хүнд усны реактороо дахин сэргээх,
5. Европын Холбоо болон АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ алхам алхмаар цуцлана хэмээн тохирчээ.
Гэвч Иран энэ удаагийн хэлэлцээрийн явцад хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хориг арга хэмжээг сэргээхийг анхааруулсан байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улс тохиролцоонд хүрсэн явдлыг түүхэнд тэмдэглэхүйц хэмээн онцолж байгаа юм.
Г.Үжин
www.24tsag.mn