Алан хядах Аль-Кайдагийн дайчид Йемений зүүн өмнөд хэсэгт орших шоронг эзэлсэн тухай “Telegraph” агентлаг мэдээллээ. Зэвсэгт этгээдүүд халдлагыг пүрэв гарагт үйлдсэн бөгөөд өөрсдийн хоригдсон хүмүүсээс гадна 300 гаруй хоригдлыг сулласан байна.
Йемений Мукалла хотын шоронд Аль-Кайдагийн Арабын хойгийн салбарын хоёр удирдах албан тушаалтан хоригдож байсан нь энэхүү халдлагыг үйлдэх шалтгаан болжээ хэмээн олон улсын хэвлэлүүд бичжээ.
Шоронгоос зугтсан нэг удирдагч нь Абяан мужийн толгойлогч Халид Батарфи хэмээн тодорхойлж байгаа бол нөгөөгийнх нь мэдээлэл тодорхойгүй байна. 2011-2012 онд Аль-Кайдагийн салбарын толгойлогчийн үүрэг гүйцэтгэж байсан Халид Батарфи нь тус шоронд дөрвөн жил хоригдож байжээ.
Түүний хамт 300 гаруй хоригдол оргосон хэмээн мэдээлж байгаа ч нарийн тодорхой тоог гаргаагүй байгаа аж.
Зэвсэгт террористууд шоронг эзлэх үедээ хамгаалагчидтай мөргөлдсөний улмаас шоронгийн хоёр хамгаалагч, таван хоригдол амиа алджээ.
Йемений Хоуди босогчид зэвсэгт тэмцэл хийснээр тус улсад эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм. Йемен бараг иргэний дайны ирмэгт ирсэн бөгөөд аюулгүй байдлын газрууд хүч суларсныг далимдуулан Аль-Кайда ийнхүү шоронг эзэлсэн байна.
Г.Үжин