Францын засгийн газар өчигдөр хэт туранхай, тэжээлийн дутагдалтай загвар өмсөгчдийг тэмцэх хуулийг баталлаа. Социалист намын гишүүн Оливиер Вераны эрүүл мэндийн хуульд шинэчлэл хийхээр өргөн барьсан энэхүү хуулиар дараах зохицуулалтыг хийх болжээ.
Нэгдүгээрт, загварын агентлагуудыг хэт туранхай эмэгтэйчүүд буюу энэ байдал нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болох моделиудыг ажилд авахыг хориглосон байна. Харин хоёрдугаарт, хэт туранхай байхыг уриалсан веб сайтууд буюу мэдээллийн хэрэгсэлд эрүүгийн гэмт хэргийн хариуцлага тооцохоор болсон байна.
Ингэхдээ загварын байгууллагуудад туслах зорилгоор моделиудад Биеийн жингийн индекс бүхий сертификат олгох аж. Заасан индексээс доогуур үзүүлэлттэй моделийг ажилд авсан тохиолдолд нэг жил шоронд хорих эсвэл 10 мянган еврогийн торгууль ногдуулахаар болжээ.
Өнөөгийн байдлаар Францад хэт тураалтай 60 мянган хүн амьдардаг бөгөөд тэдний 90 хувь нь насанд хүрсэн хүмүүс аж.
Г.Үжин