Өнгөрсөн долоо хоногт Кенийн Гарисса их сургуульд халдаж 148 хүнийг хөнөөсөн Аль-Шабаб бүлэглэл тус улсад дахин халдана хэмээн заналхийлжээ. Дараагийн халдлага хамгийн сүүлчийн шиг өргөн хүрээг хамрах болно гэдгийг исламын хэт даврагчид анхааруулсан байна.
“Кенийн хотууд улаан цусаар дүүрэх болно” хэмээн Аль-Шабаб бүлэглэл мэдээлсэн байна. Мөн “Бидний дараагийн халдлагад саад болох, үй олноор хядах аллагаас сэргийлэх ямар ч аюулгүй байдлын арга хэмжээ таныг хамгаалж чадахгүй” хэмээн Кенийн ард иргэдэд хандан мэдэгджээ.
Тус бүлэглэл аймшигт халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Кенийн цэргүүд Сомали улсад дайчдынх нь эсрэг байлдах болсны хариу хэмээн хэлжээ.
Хэт даврагсдын заналхийллийн дараа Кенийн ерөнхийлөгч Ухуру Кенятта террористуудыг устгах хатуу ажиллагаа зохион байгуулна хэмээн амласан байна. Тэрээр “Бид терроризмыг усттал тэмцэх болно. Миний засаглал тэдэнд хамгийн боломжит хатуу аргаар хариу барина гэдгийг амлаж байна” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн халдлагатай холбогдуулан Кени улсад гурван өдөр эмгэнэл зарлаад байгаа юм. Тус хэргийг үйлдсэн террористууд ажиллагааны үеэр алагдсан боловч зохион байгуулалтад гар биечлэн оролцсон хэмээн сэжиглэж таван хүнийг баривчилсан байна.
Г.Үжин