Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг иргэний дайны ирмэгт ирсэн Йемений мөргөлдөөнд оролцогч талуудаас ганцхан хоног гал зогсоохыг хүссэн байна. Тэд энэ хугацаанд мөргөлдөөнд нэрвэгдсэн хотуудын оршин суугдчын нөхцөл байдлыг тодорхойлох болон тусламж хүргэхээр төлөвлөж байгаа аж.
“Мөргөлдөөнийг яаралтай түр зогсоох хэрэгтэй байна. Ингэснээр Аден зэрэг халдлагад ихээр өртсөн хотуудын оршин суугчдад хоол хүнс, ус, эрүүл мэндийн тусламж хүргэх юм” хэмээн Улаан загалмайн Ойрхи Дорнодын салбаын тэргүүн Роберт Мардини мэдэгджээ. Тэрээр “Манай байгууллагын тусламжийг хүмүүст хүргэхийг мөргөлдөгч талууд зөвшөөрөх ёстой. Эс бөгөөс илүү олон хүн амь насаа алдах болно” хэмээн анхааруулсан байна.
Улаан загалмайн нийгэмлэг Йемений зарим хотууд хүнсний дутагдалд орсныг тэмдэглээд хүмүүст хүргэх хоол хүнсний тусламжаас гадна 2000-300 хүнийг эмчлэх 48 тонн эрүүл мэндийн тусламж байгаагаа хэлсэн байна.
Йеменд Ираны дэмжлэгтэй хоуди босогчид болон Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын хүчин долоо хоногийн турш мөргөлдөж байгаа юм.
Г.Үжин