

Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сард “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын менежментийг сайжруулах саналаа Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан байдаг. Харин Нийслэлийн ИТХ-аас эдгээр зочид буудалд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсөл сонгох шалгаруулах үүргийг зөрүүлээд өгчээ. Тэгтэл Ц.Батбаяр дарга ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй “Өргөө” зочид буудлыг татан буулгаж Б.Хуяг захиралтай “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК-ийг шинээр байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ-даа оруулаад иржээ. Өөрөөр хэлбэл Ц.Батбаяр дарга дур мэдэж сонгон шалгаруулалт хийсэн ч гэсэн хаширлаад асуудлыг ганцаараа шийдвэрлээгүй юм. Тэгээд л Нийслэлийн ИТХ-аар Б.Хуягийн гэх “Хар дун” компани “Өргөө” зочид буудалд эзэн суужээ. Тэгэхээр тухайн асуудлыг хэлэлцсэн Нийслэлийн ИТХ-ын бүх төлөөлөгчид хэрэгт холбогдох ёстой болж байна. Харин одоогийн Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг, Франц Улсад сууж буй элчин сайд Ш.Алтангэрэл хоёр эсрэг санал өгчээ. Учир нь “Хар дун” нь “Өргөө” зочид буудлыг авахаас найман хоногийн өмнө байгуулагдсан шинэхэн компани байж. Б.Хуягийн төрсөн дүү нь Н.Энхбаярын шадар туслах Б.Тулга гэж залуу бий. Ингээд л асуудлын учиг Н.Энхбаяртай очоод холбогдчихоч. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Энхбаяр туслахынхаа төрсөн ахын нэр дээр компани байгуулж “Өргөө”-г өөрийн болгожээ. Одоо “Дун-Өргөө” ХХК-ийн захирал Н.Энхбаярын хүү Э.Батшугар. Ийм л хэргээс болоод Н.Энхбаяр шалгагдаад байна. Хамгийн гол нь энэ бүхний учгийг тайлах, гэрч болох Б.Хуяг гэх залуу гадаадад гараад олдохгүй байгаа аж. Тиймээс л хуулийнхан уг асуудлын учгийг тайлахын тулд хилийн дээс давж “хайгуул” хийх хэрэгтэй болжээ. Н.Энхбаярыг “аавынд” суулгасан “Өргөө”, “Хар дун”, “Дун-Өргөө”-гийн алдарт түүх ийм юм.
24tsag.mn